Номын баярын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэнэ

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг номын баярын өдөр болгон тэмдэглэх тухай зарлиг гаргасан билээ. Энэхүү зарлигийг дэмжиж олон байгууллага, аж ахуй нэгж, эрдэм соёлын төвүүд болон иргэдээс номын соёлыг улам бүр дэлгэрүүлэхийг дэмжсэн санал санаачилгууд ирсээр байна. Эдгээр санал санаачилгуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэмжиж Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, Монголын зохиолдчдын хороо, Үндэсний номын сан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, “Олуулаа” клуб, “Номын соёлт ертөнц” ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг дэмжин ажиллах ажлын хэсэг байгуулсан бөгөөд өчигдөр тус ажлын хэсэг хуралдаж хэдэн хэдэн ажлуудыг хамтран зохион байгуулахаар боллоо. Энэ 9 дүгээр сарын 1-ний өдөр шинэ хичээлийн жилийн нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүн болох багаасаа” сэдэвт хичээл заах үеэрээ “Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ” хэмээх зүйр үгийг хүүхэд залуустаа хандаж хэлсэн. Ийнхүү сайн хүүхэд байхын эхлэл нь ном эрдмийг дээдэлсэн, сурах дэвжихэд тэмүүлсэн номын сайн нөхөр байхаас эхлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ