Эмэгтэйчүүдээс Т.Батчимэг ганцаараа ялалтад хүрэв

img

Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 9-ны хооронд Туркийн Стамбул хотод болж байна. Тус олимпиадын долдугаар тойргийн тоглолт урд шөнө явагдаж Монгол Улсын эрэгтэй баг Зимбабвег 3:1-ийн харьцаагаар хожсон бол эмэгтэй шатарчид маань Казахстаны багт 1:3-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. 150 орны багаас 56-д эрэмбэлэгдсэн Монголын эрэгтэй шатарчид энэ удаа тус тэмцээний 85 дахь чансаатай Зимбабвегийн багтай тоглоход олон улсын мастер Б.Гүндаваа, их мастер Д.Шаравдорж нар ялалт байгуулж, их мастер Ц.Батчулуун, ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал нар учраатайгаа тэнцжээ. Одоогоор манай шатарчид 5-6 тоглолт хийж, их мастер Д.Шаравдорж, Ц.Батчулуун, ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал нар 4 оноотой, олон улсын мастер Б.Гүндаваа, ФИДЕ-гийн мастер М.Гүнбаяр нар 3 оноотой явна. Багийн нийлбэр дүнгээр 4 хожил, 1 тэнцээтэй 43 дугаар байрт жагсаж байна. 120 орны эмэгтэй багаас 21 дүгээрт бичигдсэн Монголын эмэгтэй баг энэ тойрогт чансаа ижилхэн Казахстаны бүсгүйчүүдтэй учраа таарсан ч маш тааруу тоглон 1:3-ийн харьцаагаар ялагдсан байна. Манай багаас ганцхан хоёрдугаар ширээнд их мастер Т.Батчимэг өрсөлдөгчөө хожиж, их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Д.Янжиндулам, ФИДЕ-гийн мастер С.Отгонжаргал нар хожигдлоо. Эмэгтэй шатарчид маань 7 өргөөс 4 ялалт авч, 37 дугаар байрт явж байна. Өнөөдөр болох Олимпиадын наймдугаар өргийн тоглолтод манай эрэгтэй шатарчид 5 их мастертай Италийн багтай учраа таарсан бол эмэгтэй шатарчид Данийн багтай тоглох юм. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gg:
Manaihan zorigtoihon uramtaihan uzej Mongol tsog hiimoroo buren haruulaarai.
2012-09-06
k:
manaihnii ranking gj hudlaa yum bdg bhaa 200 onoo iluu hirnee hojigdood l bhiin
2012-09-05