Оюутолгойн гэрээний талаар гишүүд шаардлага хүргүүллээ
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар дөнгөж сая Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн хурал хийлээ.
Тэд Үндсэн хуулийн 41.1 дэх заалтыг үндэслэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, О.Баасанхүү, Д.Бат-Эрдэнэ нарын 25 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягт УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангах шаардлага хүргүүлэх болсон тухай мэдээлэл өгсөн юм.
УИХ-ын Ашигт малтмалын тухай хуулийн 29.4-т заасны дагуу Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж, уг гэрээг тодорхой заасан нөхцлүүдийн дагуу байгуулах эрхийг 2009 оны 57 дугаар тогтоолоор Засгийн газарт олгосон аж.
Энэ тогтоолоор эрхзүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Тиймээс Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг 2011 оны аравдугаар сарын 01-ний дотор бүрэн хангаж, үр дүнг нь УИХ-д ирүүлэхийг шаардаж, 2011 оны есдүгээр сарын 06-ны өдөр албан бичгийг Х.Тэмүүжин нарын 21 гишүүн өмнөх засагт хүргүүлсэн боловч бүрэн хэрэгжихгүй 1 жил болж байгаа юм байна.
Тиймээс УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар Р.Амаржаргал нарын гишүүд шинэ Засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүлж хариуг нь ирэх аравдугаар сарын 05-ны өдөр ирүүлэхийг хүссэн байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ