
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнөөдөр Бээжинд айлчилж, БНХАУ-ын дарга Ху Жинтаотай уулзсан байна. Тэрээр БНХАУ-ыг Өмнөд Хятадын тэнгис орчмын хөршүүдтэйгээ үүсгээд буй газар нутгийн маргааныг тайван замаар шийдвэрлэх талаар хэлэлцэхээр иржээ.
Гэхдээ түүнийг айлчлалаа дөнгөж эхлэж байхад хятадын тал Нэгдсэн улсын төвийг сахисан байр суурийн талаар лавласан юм.
Уулзалтын эхлэлд Клинтон АНУ-БНХАУ-ын харилцаа хүчтэй, бат бөх суурьтай гэж итгэж байгаагаа хэллээ.
Уулзалтын талаар мэдээлэл одоогоор гараагүй байгаа бөгөөд Улсын орлогч дарга Ши Жиньпинтэй уулзах уулзалт гэнэтийн төлөвлөгөөний улмаас цуцлагдсан хэмээн Төрийн департментын ахлах ажилтан мэдэгдсэн байна.
Оны сүүлээр Хятадын дээд удирдагчийн албан тушаалд залрах Ши Жиньпин Сингапурын Ерөнхий сайдтай хийх уулзалтаа мөн цуцалсан билээ. Уулзалт цуцлагдсан шалтгааныг мэдээлээгүй байна.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ