
Нийслэлийн Баянгол дүүрэгт ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн барьж буй орон сууцны барилга дээр ажиллаж байсан зуурмаг шахагч автомашины хоолой унаснаас 13 настай охин дарагдаж нас барлаа. Түүгээр ч зогсохгүй замаар явж байсан “Тоёото” маркийн суудлын автомашиныг дарж хэмхлэн, жолоочийг нь хүнд гэмтээжээ. Ээжтэйгээ хөтлөлцөн гудамжаар явж байсан хөөрхий охины дух, чамархай, дагзны суурь яс няцарч, тархины зөөлөн эд гоожсоныг харахад нүд хальтрам байлаа. Энэ явдал ердөө гуравхан хоногийн өмнөх орой болсон юм.
Уг нь Улаанбаатар хотод барилга угсралтын ажил эрхлэх үндсэн зөвшөөрөлгүй барилга барих нь байтугай нийслэлийн хөрөнгө оруулалтаар л биш бол шинээр барилгын ажил эхлэхийг НИТХ-аас тас хориглоод сарын нүүр үзэж байгаа. Гэтэл төрийн авлигач түшмэдтэй хуйвалдсан барилгын компаниуд нийтийн эрх ашгийг ийнхүү ноцтой зөрчиж, эрдэнэт хүний алтан аминд хүрч байна. Үүний нэгээхэн жишээ нь Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлгийн баруун талд баригдаж байгаа 13 давхар орон сууцны барилга юм.
Тус зөвшөөрөлгүй барилгын захиалагч нь MULD ХХК, гүйцэтгэгч нь Д.Болд захиралтай “Төгс-Гүрэн” ХХК юм байна. Захиалагчийг мөн онцгой байдлын хошууч С.Ганбалтын илтгэлд дурдсанаар “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК гэжээ. Осол гаргасан УНУ 10-38 дугаарын зуурмаг шахагч автомашин нь “Консолит” ХХК-ийн эзэмшлийнх. Жолооч нь машины баруун талын хоёр тулгуурыг гүйцэд суурилуулж чадалгүй хоолойг сунгаснаас хөмөрч унасан байна. Эдгээр гурван компанийн захирлууд зөвшөөрөлгүй барилгын ажилд оролцож байсан нь Монгол Улсын барилга угсралт, мэргэжлийн хяналтын холбогдох хуулиуд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шинэчлэлийн ажлыг улаан цайм сөрсөн боссууд бололтой. Ер нь зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гамшгийн хэмжээнд хэдийнэ хүрсэн нь аюулын харанга дэлдсээр байгаа юм.
Арвангурван давхар барилгыг долоон давхар хүртэл босгочихоод байхад нүдэн балай, чихэн дүлий явсан НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн гурван давхар байхад нь шаардах бичиг хүргүүлсэн ш дээ гээд хээвнэг зогсож байна. Мэргэжлийн хяналтын хуульд улсын байцаагч шаардах нь байтугай албадан болиулах хүртэл заалт байдгийг энэ түшмэл мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Яг өнөөдөр нийслэлд БУАЭҮЗ-гүй 79 барилга баригдаж байна. Эдгээр 79 барилга дээр хууль бусаар ажиллаж байгаа хятад, солонгос барилгачид, хотын төвийн автозам, нийтийн эзэмшлийн зам, талбайг хайр найргүй сүйтгэж байгаа хүнд даацын машинууд цаашид хэдэн хүний аминд хүрэхийг хэн хэлж мэдэх билээ.
Төрд шургалсан авлигач түшмэдийн балгаар Монгол Улсын хууль гууль болж байна. Тэд хуулийг мэдсээр байж, хар толгойгоо зүгээр л барилгын компаниудад даатгаад орхино гэж үү. Ямар нэгэн маш том ашиг сонирхол байгаа, гэхдээ улсынх биш гэдэг нь ч ойлгомжтой. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутагт Хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэдэх оффис, үйлчилгээний зориулалттай “Саруул шилтгээн” ХХК-ийн 12 давхар барилгыг “Журамт өргөө”, “Аганист” ХХК бариад бараг дуусч байгаа. НМХГ-аас анх БУАЭҮЗ авсны дараа барилгын ажлаа эхлүүлэхийг мэдэгдсэн гэж байгаа ч амаа бариулчихсан. Мөн тус дүүргийн ЗДТГ-ын зүүн талд иргэн Л.Чинбатын зоорьтой, 12 давхар орон сууцны байшинг “Гацуурт” ХХК зураг төслийг нь хийгээд бас гүйцэтгэгчээр нь ажиллаж байна. Ямар ч зөвшөөрөлгүй энэ барилгыг хотын ерөнхий архитектортой зөвшилцсөн гэж байгаа. Тэгээд аравдугаар давхрын төмөр бетон каркасын ажил хийгдэж байхад 2011 оны наймдугаар сарын 19-ний өдөр улсын байцаагчийн 161/805 тоот шаардлагаар Барилгын тухай хуулийн 16.6 дахь заалтын дагуу нэг сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин “Гацуурт” ХХК нэг сая төгрөгийг тэр дор нь төлж барагдуулсан байна. Иймэрхүү жагсаалтын тоо 79-д хүрчээ.
Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ мэдэгдэхүйц үр дүнд хүрч, иргэдийн талархлыг хүлээж байна. Гэтэл их хотын шинэчлэлийн ажилд шавар хаасан ямар ч зөвшөөрөлгүй 79 барилгыг бүтээн байгуулалт гэх үү. Эсвэл эртний бошигт дурдсан “хойд энгэр нь хүүрээр дүүрэн, хотгор газар нь шавраар дүүрэн” болохын цондон гэх үү. Хүний амь эрсдэх үндсэн шалтгаан болсон БУАЭҮЗ-гүй үйл ажиллагаа явуулсны гол буруутан нь эцсийн эцэст ердөө мөнөөх автомашины жолооч, туслах, менежер гурвыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэж Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна. Ямар ч зөвшөөрөлгүй мөртлөө санаатайгаар овоо босгосон хэргийн цаад эзэд их мөнгөний сүүдэрт аанай л нуугдаж хоцров.
Х.Ариунбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ