
Германы агаарын тээвэр “Lufthansa” баасан гаригийн хэдэн зуун нислэгээ цуцалжээ. Lufthansa ойрын болон холын зайн нислэг, мөн Шанхай, Жакарта, Сиетл, Лос Анжелес хотуудаас ирэх болон очих нислэгүүдийг цуцалжээ.
Шалтгаан нь “UFO” үйлдвэрчний эвлэл лхагва гаригийн орой Франкфурт, Мюнхен, Берлиний нисэх буудлуудад нэг өдрийн ажил хаялт зарлахыг уриалснаас болсон юм. UFO болон Lufthansa ажлын хөлс болон ажлын нөхцөл дээр санал зөрөлддөг.
Компанийн нислэгийн багийн нийт 19 мянган гишүүний гуравны хоёрыг төлөөлж буй уг эвлэл ажилчдын цалинг таван хувиар нэмэхийг шаардаж байна.
Эвлэлийн удирдагчид нислэгийн багийн ажилчдын цалинг нэгдүгээр сараас эхлэн 15 сарын хугацаанд таван хувиар нэмэх шаардлага тавьсан юм. Компани сүүлийн гурван жилийн турш огт цалин нэмээгүй байна. Мөн гадны ажиллах хүчин болон түр ажилчид авахгүй байх баталгааг үйлдвэрчний эвлэл шаарджээ.
Үүний өмнө компанийн төлөөлөгч Клаус Валтер түр ажилчин авч ажиллуулахаа зогсоох, мөн цалинг 3,5 хувиар нэмэх санал гаргасан юм.
Компани одоогоор 1,5 тэрбум еврогийн хэмнэлт хийх хөтөлбөр барьж, өсч буй түлшний үнэ, бага үнэтэй тээвэрлэгчидтэй хийж буй өрсөлдөөнийг тэнцвэртэй зохицуулахаар хичээж байна.
Жилийн хоёрдугаар улиралд тус агаарын тээвэр өмнөх онтой харьцуулахад ашгийн 24 хувийн бууралт байгааг зарласан юм. Мөн тавдугаар сард 3500 оффисын ажлын байрыг цөөлөхөө мэдэгдсэн билээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ