Тэтгэмжийг төсөвт суулгахыг гишүүд дэмжлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.
Энэ жил 850 жилийн ой болох гэж буйтай холбогдуулан уг арга хэмжээг зохион байгуулахад 2.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгах саналыг УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргасан юм. Уг санал гишүүдийн нэгдсэн саналаар дэмжигдсэн. Түүнчлэн тус байнгын хорооны хуралдаанд оролцсон ТЕГ-ын дэд дарга Ч.Чулуунбаатар “Засгийн газрын 2011 оны 312 дугаар тогтоолоор төрийн холбооны үүрэн утасны үйлчилгээг зогсоон, төхөөрөмжийг нь Монголын цахилгаан холбоо компанид шилжүүлсэн. Гэтэл уг үйлчилгээнээс 100 сая төгрөгийн орлогыг ТЕГ оруулна гэж төсөвт төлөвлөсөн байгаа аж. Үүнийг хасч өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүд хүлээн авсан юм.
Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын урсгал зардлын асуудлыг төсвийн тодотголд нэмэн суулгах саналыг УИХ-ын гишүүн М.Батчимэг, Б.Гарамгайбаатар нар гаргасан. ЗХЖШ-ын нэг удаагийн тэтгэмжийн зардалд 357 сая төгрөг төсөвлөсөн аж.
Гэтэл энэ жил 216 офицер, албан хаагч тэтгэвэр тогтоолгон гарах бөгөөд эдгээр хүмүүсийн тал шахам нь хуулиар тогтоосон нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүйд хүрсэн талаар ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав тайлбарласан юм. Ингээд байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэн гишүүд дэмжин хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ