
УИХ-ын гишүүн А.Тлейханы туслахаар ажиллаж байсан Ш.Айдос нарын гурван хүнд холбогдох хэргийг өчигдөр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар хянан хэлэлцлээ. Ш.Айдос нь 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрээр “Петровис”, “Номин холдинг”, “Ган хийц”, “Оюутолгой”, “Очир ундраа”, “Мобиком” зэрэг компаниас мөнгө залилахыг завдсан гэнэ. Мөн МСS группээс гурван сая, Жаст группээс нэг сая төгрөг луйвардан авсан хэрэгтээ шүүгдсэн юм.Түүнд Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг энэ оны долдугаар сарын 22-нд анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ш.Айдост 3.6 жил хорих, Ч.Алтанхуяг, Х.Тамир нарт тус бүр 1.6 жил хорих ногдуулсан юм.
Нийслэлийн шүүх энэ хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 6-нд хэлэлцэж, Ш.Айдост оногдуулсан 3.6 жилийн хорих ялыг гурван жил хорих болгон өөрчилжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаас Ш.Айдост давж заалдах шатны шүүхээс оноосон гурван жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Харин Ч.Алтанхуяг, Х.Тамир нар залилан мэхлэх гэмт хэрэгт оролцсон нь нотлогдохгүй байна гэж Дээд шүүх үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ