
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны гэргий Ли Соль Ю тус оронд өмнө нь харагдаж байгаагүй илүү чөлөөт байдлыг үзүүлсээр байна. Түүнийг Диорын гар цүнхтэй явж байхыг харснаас хойш нэг сарын дараа дахиад л олны анхаарлын төвд оров. Энэ удаа хар өнгийн өмд болон цагаан гутал өмсөн олны өмнө гарчээ. Харин Умард Солонгосын эмэгтэйчүүдийг цэргийн загвар хийцийн саарал, ногоон юм уу цэнхэр өнгийн урт банзал өмсөхийг олон арван жилийн турш шаардаж байсан юм гэж “Дейли телеграф” сонинд дурдсан байна.
Энэ мэдээ Өмнөд Солонгост урам өгч, үүнийг шинэтгэлийн шинжтэй мэдээ хэмээн хүлээн авчээ. Үүнээс өмнө Ким Чен Ирийн эгч бүсгүй Ким Ген Хи л ийм өмд өмсдөг байжээ.
Ким Чен Ун засгийн эрхэнд гарсныхаа дараа БНАСАУ-д олон нийтийн ёс заншлыг зарим талаар либералчлахаар шийджээ. Тухайлбал, 1990-ээд оноос үйлчилж байсан эмэгтэйчүүдийг хот дотор унадаг дугуйгаар явахгүй байх хоригийг наймдугаар сарын дундуур хүчингүй болгосон юм. Банзал өмсөн унадаг дугуйгаар явах нь социалист нийгмийн ёс суртахуунд харшилна хэмээн үздэг байжээ. Түүнчлэн зарим мэдээгээр, Умард Солонгосын залуу удирдагч эмэгтэйчүүдийг жинсэн өмд, өндөр өсгийтэй гутал өмсөхийг зөвшөөрсөн байна.
Ким Чен Уныг гэрлэсэн тухай мэдээ долоодугаар сарын 25-нд тарсан юм. Дэгжин хувцасласан залуухан эмэгтэйн хамт Пхеньяны паркаар зочлох үеэр телевизээр гарч, нэвтрүүлэгч энэ эмэгтэйг “маршал Ким Чен Уны гэргий” гэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ