
АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт уламжлал болгон зохион байгуулдаг 4:11 буюу сэтгүүлчидтэй хийх уулзалт Төрийн ордны А танхимд боллоо. Уулзалтын эхэнд тус намын зүгээс ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтыг хэрхэн боловсруулсан, орон нутгийн сонгуулийг зохион байгуулах ажил зэргийг хэлэлцсэн талаараа хэвлэлийнхэнд тайлагнасан.
Мөн намын бүтэц, хүний нөөц, санхүүгийн асуудалд онцгой анхаарал хандуулсан төдийгүй гишүүдийг бодлого боловсруулах чиглэлд хамруулах, дэмжигчдийн хүрээг тэлэх зорилгоор Бодлогын хүрээлэн байгуулах гэж буйгаа ч дуулгав. АН-ын эмэгтэй гишүүдийн хувьд төрөх эмнэлэгийн барилга болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх асуудалд ихээхэн анхаарал тавьж, 2012 оны төсвийн тодотголд оруулахаар болжээ.
Ялангуяа инфляци өссөн энэ үед өдөрт 1100 төгрөгөөр гурван удаа хооллож буй цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 2300 болгож нэмэхийн тулд төсөвт суулгах 12,8 тэрбум төгрөг шаардлагатай болсон аж. Энэ ч утгаараа, архины онцгой албан татварыг нэмэгдүүлж уг мөнгийг гаргаж авахаар төлөвлөсөн байна. Харин цэцэрлэгийн барилгын хувьд тендер, зураг төсөл, хөрөнгө санхүү нь шийдэгдээгүй асуудлуудыг 2013 он хүртэл хойшлуулсан гэнэ.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ