
Европын кино бүтээгчдийн БНАСАУ-д зураг авалтыг хийсэн дэлгэцийн бүтээл энэ долоо хоногийн эцсээр Торонтогийн кино фестивальд оролцох гэж байна.
"Нөхөр Ким ниссэн нь" кинонд уурхайчин гэр бүлд төрсөн нэгэн залуу эмэгтэй өөрийн циркийн акробатчин болох хүслээ биелүүлж байгаа тухай гардаг.
Гадны уран бүтээлчид БНАСАУ-д уран сайхны кино зураг авалт хийх нь ховор байдаг бөгөөд хамгийн сүүлд Хятад-БНАСАУ-ын хамтарсан бүтээл “Пхеньян дахь амлалт” кино хийгдсэн юм. Хамгийн сүүлд хийгдсэн европын кино 1980-аад онд байсан бөгөөд буудалцаан, дэлбэрэлт их гардаг “Ten Zan, the Ultimate Mission” кино тийм ч их амжилт олоогүй байна.
Гэхдээ “Нөхөр Ким ниссэн нь” УСК өөр байх төлөвтэй. Киноны баг, уран бүтээлчид бүгд солонгос хүмүүс байсан бөгөөд кино ч солонгос хэл дээр юм. Харин гадаадын үзэгчид хадмал орчуулгатай үзэх шаардлагатай. Киног бүтээх, найруулахад хоёр европ хүн оролцсон нь Николас Боннер, Анъя Даелэманс нар юм.
Боннер өдрийн цагаар гадны жуулчдыг БНАСАУ-аар аялуулах аялалын компани эрхэлдэг байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд тэрээр гадны гурван баримтат киног Пхеньянд хийхэд нь тусалжээ. Гэхдээ Хойд Солонгосын студид түшиглэсэн уран сайхны кино хийх бол өөр ажил байлаа.
“Магадгүй анхны сорилт нь киноны зохиолыг зөвшөөрүүлэх, хийх зөвшөөрөл авах байсан. Манай кино Хойд Солонгосын стандарт кинотой харьцуулахад огт өөр зохиолтой байсан юм. Энэ нь зөвхөн өөрийнхөө мөрөөдлийн төлөө явж буй нэгэн охины талаар, нисэх мөрөөдлөө биелүүлэхээр явж буй нилээд дураараа дүр гэж хэлж болно. Тиймээс хэцүү байсан ч бид эцэст нь кино студи олж чадсан” хэмээн Боннер ярьжээ.
Киноны жүжигчдийн хувьд ч уламжлалт байдлаас өөр байжээ. Гол дүрийн хоёр дүрийг мэргэжлийн жүжигчид биш акробатчид бүтээжээ.

Хан Жон Сим акробатчин болохоор хичээж буй бүсгүйн дүрийг бүтээсэн байна. Камерын өмнө үзүүлбэр үзүүлэхэд дасах нь түүнд хүнд байсан гэлээ.
“Акробатчины хувьд би биеийн хөдөлгөөнөө ашиглаж үзэгчдийг гайхшруулдаг. Харин кино жүжигчид үзэгчдэд өөрийн мэдрэмжээ хүргэхийн тулд нүүр царайны хувирлаа ашиглах хэрэгтэй байдаг. Энэ нь надад бага зэрэг хүнд даалгавар байсан” хэмээсэн юм.
Киноны солонгос найруулагчийн хувьд туршлагатай нэгэн ч энэ нь түүний анхны романтик инээдмийн бүтээл юм. Мөн гадныхантай анх удаа ажиллаж байгаа нь энэ. Найруулагч Ким Гван Хуны хэлснээр энэ бүтээлд оролцсон гадаадуудын хүмүүстэй ажиллах их амар байсан, учир нь тэд БНАСАУ-ын систем, дүрэм журам, санаа бодол зэргийг ойлгож чаддаг хүмүүс гэнэ.
Кино театрт кино үзнэ гэдэг хойд солонгосчуудын хувьд өдөр тутмын, ердийн зүйл биш. Энэ нь ихэвчлэн зохион байгуулалттай, бүлгийн арга хэмжээ байдаг.
Торонтод нээлтээ хийсний дараа “Нөхөр Ким” есдүгээр сарын төгсгөлд Пхеньянд болох Олон улсын кино фестивальд оролцно.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ