
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хорооны өрхүүдэд утаагүй зуух үнэ төлбөргүй олгохын тулд улсын төсөвт 397 сая төгрөгийн тодотгол хийснийг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн юм. Гэхдээ тендерийг цаг хугацаанд нь зарлах, нийслэлийг утаагүй болгох ажлын хүрээнд дээрх ажлыг цаашид үргэлүүлэх нь зүйтэй гэсэн санал гишүүдээс гарч байсан.
Мөн хуралдаанаар 2012-2013 онд мах нөөцлөхөд улсаас найман тэрбум төгрөг төсөвлөснийг хэлэлцсэн юм. Дээрх төсөвт хөрөнгөөр мах нөөцлөхөд ирэх оны 2-7 дугаар сар хүртэлх хугацаанд махны үнийг тогтвортой байлгахад нөлөөлөхийн зэрэгцээ нийслэлчүүдийн махны хэрэглээний 20 хувийг хангах бололцоотой гэж төсөвлөн хуулийн төсөлд тодотгол хийснийг байнгын хорооны гишүүд дэмжиж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ