Индонез улстай уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо

img

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Индонез Улс /БНИУ/-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Сусило Бамбанг Юдоёонод өнөөдөр Их хурлын дарга З.Энхболд бараалхлаа. УИХ-ын дарга эрхэм Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно болон Индонезийн төр, засгийн төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүсч, манай оронд тавтай морилохыг ерөөгөөд шинэ парламент бүрдсэнээс хойш анхны өндөр дээд хэмжээний айлчлал болох энэхүү айлчлал Монгол, Индонезийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэх эрх зүйн үндэс тавигдаж чадсанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд нэг бүс нутагт орших, ардчиллын хувьд нас залуу, хөгжиж буй орнуудын хувьд манай хоёр орон улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлд шийдвэрлэхээр зорьж буй нийтлэг олон асуудал байгаа тухай тэмдэглэж, өөрсдийн алдаа онооноос олж авсан туршлага, сургамжаа хуваалцах, хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Нийгэмд шударга ёс тогтооход тээг болж буй авлига хээл хахууль, хуулийн хангалтгүй хэрэгжилт зэрэг асуудлыг засаж залруулах, эрхзүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх нь Монгол Улсын хувьд өнөөдөр хамгийн чухал асуудал болоод байгааг УИХ-ын дарга онцлон тэмдэглээд хоёр орны хууль зүйн яамд, хууль сахиулах байгууллага хооронд харилцаа холбоо тогтоох саналтай байгаагаа хэллээ. Тэрбээр мөн эрдэс баялгийн нөөцөөр арвин манай орны хувьд уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, байгалийн баялгийн өгөөжийг тэгш хүртээмжтэй хуваарилах шаардлага тавигдаж буйг дурдсан. Мөн энэ чиглэлээр Индонезийн хэрэгжүүлж буй бодлого болон Газрын тосны хуулийн явцыг сонирхож, тус орны баялаг туршлагаас сурч, одоогийн хуулиндаа дорвитой өөрчлөлт оруулахын тулд тодорхой төлөөлөл илгээж сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын дарга бас шинээр бүрэлдсэн парламентад байгуулах Монгол-Индонезийн бүлгэмээр дамжуулан хоёр улсын парламент хооронд ажил хэрэгч холбоо тогтоон хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд УИХ-аас дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Эрхэмсэг ноён Сусило Бамбанг Юдоёоно өнө эртний их түүхтэй монгол оронд айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд албан ёсны айлчлалынх нь хүрээнд морилон ирж бараалхсанд УИХ-ын дарга З.Энхболдод талархаж буйгаа хэллээ. Тэрбээр байгалийн баялаг, түүний дотор газрын тос, ураны олборлолт, тэдгээрийн үр өгөөжийг нийт ард түмний хүртээл болгохын тулд эрхзүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах, Монголын талаас төлөөлөгчид хүлээн авч сургахад бэлэн байгаа төдийгүй хоёр орон, түүний дотор парламент хоорондын харилцааг хөгжүүлэх, уул уурхайн салбарт хамтран ажиллах чиглэлээр УИХ-ын даргын саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ