
Францын Аннеси нуурын ойролцоо ууланд таван хүн буудуулсан аймшигт мэдээг бид өчигдөр хүргэсэн. Хэргийн шинэ мэдээллээс танилцуулахад машин дотор байсан гурван хохирогч бүгд толгойдоо буудуулсан байжээ. Гурван хохирогчийн хоёр нь Английн Суррей мужид амьдардаг, 50 настай Саад Аль Хилли болон эхнэр Икбал хэмээх хүмүүс байсныг хөршүүдээс нь мэдсэн байна. Харин гурав дахь хүн Шведийн иргэншилтэй, настай эмэгтэй байжээ. Машины ойролцоо Францын нэг дугуйчин амиа алдсан, мөн 7 настай охин хүнд шархтай олдсон юм. Английн дугуйчин тэднийг орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд олсон байна. Францын дугуйчин түүнийг ардаа орхиод удсан байсан юм.
Харин 23:00 цагийн орчимд цагдаа нар машин дотроос дөрвөн настай охиныг гарган авчээ. Охин энэ олон цаг айн цочирдож, хөдөлгөөнгүй байсан бөгөөд ээжийнхээ цогцосны ард нуугдсан байсан аж. Цагдаа нар хохирогчдыг хэн болохыг тогтоож, хөршүүдтэй нь холбоо барисны эцэст тус гэр бүлийг хоёр охинтой байсныг мэдэж охиныг хайн ийнхүү гаргаж авсан байна.
Хэрэг болсон шалтгаан тайлагдаагүй хэвээр байна.
Долоон настай Зайнаб охин нэг буудуулж, хүнд шархадсан бөгөөд толгой нь хагарч хагалгаанд орохоор болжээ. Охидыг эмнэлэгт цагдаагийн хамгаалалт дор байлгаж байна.
Амиа алдсан гэр бүлийн хүмүүс Иракын паспорттой бөгөөд ойролцоо амралтын газар буудаллаж байсныг цагдаа нар баталжээ.
Суррей дэх хөршийнх нь хэлснээр тэд бие биедээ халамжтай, сайхан гэр бүл байсан бөгөөд ийм зүйл болсонд их харамсаж байгаа юм.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Их Британийн Ерөнхий сайд Девид Кэмерон нар хоёр улсууд хэрэг дээр хамтран ажиллаж, хэн энэ хэргийг үйлдсэнийг яаралтай олж мэдэх болно хэмээн мэдэгдсэн байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ