
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн онцгой байдлын газар ажлаа танилцууллаа. Тус газрын дарга Х.Батбилэгийн танилцуулснаар жилд 8.4 тэрбум төгрөгийн төсөвтэй, үүний 90 хувийг цалинд, үлдсэн хувийг шатахуун болон бусад зардалд зарцуулдаг байна.
Хүн амын суурьшил нэмэгдэж байгаатай холбогдуулан шинээр гал унтраах ангиудыг байгуулах зайлшгүй шаардлагатай болсон. Олон улсад мөрддөг стандартаар бол 3.5 км-ийн радиуст нэг гал унтраах анги байдаг. Ялангуяа Улаанбаатар хотын хойд хэсэг буюу зуслангийн чиглэлд шинээр гал унтраах анги байгуулах шаардлага тулгарч байгааг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга илтгэлээ.
Х.Батбилэг дарга Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 183 шатахуун түгээх станц, газар хөдлөлт, хүн, малын гоц халдварт өвчнийг болзошгүй эрсдэлд тооцож байгаагаа хэлсэн. Үүнээс гадна “Шуурхай бүлэг 105”-д ирж байгаа дуудлагын дийлэнхийг ослын дуудлага эзэлдэг учраас эмнэлгийн бүрэн тоноглогдсон хоёр машин шаардлагатай байгааг нийслэлийн удирдлагуудад мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа дэлхийн бусад орнуудын жишгээр онцгой байдлын мэдлэгийг иргэн бүрт өгдөг сургалтын систем нэвтрүүлэх цаг болсныг хэлсэн. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болзошгүй гамшгийн судалгааг нарийвчлан тооцож гаргахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Онцгой байдлын албан хаагчдын нэг бүрийн хэрэгслийн хангамжийг сайжруулах, гамшгийн үеийн нөөц бүрдүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх талаар тодорхой санал боловсруулж, ажлаа сайжруулахыг даалгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ