Ч.Мөнх-Эрдэнэ: Эртний ятгыг сэргээн нутагшуулж, дэлхийд таниулах талаар судалж байгаа

img

“Ятга хөгжмийн хатан” хэмээн үзэгч, сонсогчдодоо өргөмжлөгдсөн “Бөртэ” хамтлагийн ятгачин, Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Авьяаслаг ятгачин бүсгүйн ур чадвар, эгшиглэнт уран бүтээлийг Монголд төдийгүй Европын орнуудад өндөөр үнэлдэг юм билээ. "Ингэн тэмээний нулимс", "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал" зэрэг киноны хөгжмөөрөө ч тэр хэдийнэ олонд танигдсан нэгэн. -Хамгийн сүүлд буюу та “Хатан ятга” тоглолтоо хийсэн. Өмнөх тоглолтуудынхаа талаар сонирхуулаач? -Бие даасан тоглолтын хувьд, гурав дахь тоглолтоо өнгөрсөн хавар хийсэн л дээ. 2001 онд морин хуурч н.Цогбадрахтай хамтарч “Алтайд хөглөгдсөн уянга” нэртэй анхны тоглолтоо хийж байлаа. Хоёулаа энэ нутгаар овоглодог учраас ингэж нэрлэсэн юм. 2004 онд “Хос эрвээхэй” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн. Энэ бол ятга хөгжимд зориулсан хамгийн том хэлбэрийн бүтээл. Монгол төдийгүй гадаадын уран бүтээлээс түүвэрлэсэн таван концерт тоглосон юм. Ятганд зориулсан хөгжмийн бүтээлийн тоглолт мэргэжлийн хүрээнийхэн дунд ч ховор байдаг. Мөн хамтлагийн уран бүтээлээс гадна гоцлол төрлөөр Европт хэд хэдэн удаа тоглолт хийсэн шүү. Түүнээс хойш энэ талаар бодох зав бараг гарсангүй. Хоёр хөөрхөн үртэй боллоо, хувийн амьдралдаа ч тодорхой хэмжээгээр анхаарах хэрэгтэй. Хажуугаар нь гадаадын томоохон хэмжээний төслүүд дээр хамтарч ажиллах гэх мэтээр өнгөрсөн хугацаанд завгүй их явж. -Таныг ятга хөгжмөөр мэргэшсэн чадварлаг багшийн шавь гэлцдэг юм билээ. Үүгээр ч зогсохгүй, ятгын ертөнцөд өөрийн гэсэн арга барилыг гаргаж ирсэн гэдэг? -Мэргэжлийн, туршлагатай ятгачид олон бий. 1961 оноос эхлэн ятга хөгжмийг танхимын мэргэшсэн сургалтаар хөгжүүлэх болсон. Тиймээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсад танхимын мэргэшсэн сургалттай ятгачид бэлтгэсний 50 жилийн ойг зохион байгууллаа. Миний багш З.Нарантуяа бол мэргэшсэн ятгын багш нарын дунд олон сайн шавь бэлтгэснээрээ нэр хүндтэй байр суурийг эзэлдэг хүн. Ялангуяа Хөгжим бүжгийн дээд сургуулийн шавь нартаа ансамбль буюу хамтарч тоглох арга барил эзэмшүүлж, ятгын хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулан сэргээж шинэчилсэн. 1991 онд урд хөршөөс 21 утастай ятга авчирч, хоёр улсын соёлын харилцааны дагуу Өвөрмонголын ятгачин н.Нарангэрэлийг урьснаар ятга хөгжмийн хамрах хүрээ өргөсч, хөгжлийн явц нь хурдацтай нэмэгдсэн гэж үздэг юм билээ. Миний хувьд, багшийнхаа зааж сургасан арга барил, техникийг эзэмшсэн мэргэжлийн ятгачин. 1998 онд энэ арга барил, техникийг шинэчлэн хөгжүүлж, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой арга барил гаргаж ирсэн. Энэ бүхнийг монголын орчин цагийн ятгын урлаг дахь өөрчлөлт, шинэчлэлт болж чадсан гэж мэргэжлийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг. -Хамтлагаа яагаад “Бөртэ” гэж нэрлэсэн юм бэ. Бас гишүүдээ хэрхэн сонгосон нь сонирхолтой байна? -2000 онд нөхөртэйгээ нийлж “Бөртэ” хамтлагаа байгуулж байлаа. Бөртэ чонын удамт угсааны нэрээр хамтлагаа нэрийдсэн болохоор монголын түүхийг уран бүтээлээрээ гаргана гэж зорьсон. Энэ ч үүднээс, хамтлагтаа бишгүүр, морин хуур, бөмбөр тоглодог уран бүтээлчдийг нэгтгэсэн юм. Гишүүдийнхээ цалин хөлс, замын зардал, бусад асуудлыг бүрэн хариуцаж, олон улсын хэмжээнд зохион байгуулалттайгаар аялан тоглолт хийдэг болсон Гэхдээ хамтлаг маань тогтсон бие бүрэлдэхүүнд баригдаж, уран бүтээлээ хязгаарладаггүй. Гадаадын томоохон төсөл, тоглолтод хамтлагаараа юмуу эсвэл би гоцлол маягаар оролцоно. Зарим үед нөхөртэйгээ хамт тоглолт хийх үе ч бий. Уран бүтээлийн тал дээр чөлөөтэй ханддаг гэсэн үг. -Киноны хөгжмөөр АНУ, Германы томоохон наадмаас шагнал гардсан. Үүнээс өөр олон уралдаан тэмцээнд оролцож байсан биз? -Олон улсын зах зээл дээр киноны хөгжмөөр хүчээ сорьж байгаа. Нөхрийнхөө бичсэн хөгжмийг би тоглож байсан. Мөн үүнээс гадна ҮДБЭЧ, Морин хуурын чуулгынхантай хамтарч тоглосон гэх мэт нийт таван киноны хөгжим гаргасан. Энэ дотроос хоёр бүтээлээрээ томоохон шагналуудыг авсан. Тухайлбал, 2005 онд АНУ-ын Манхюттэнд болсон олон улсын кино наадмаас “Шилдэг киноны хөгжим", Германы пянз үйлдвэрлэгчдийн наадмаас "Шилдэг уран бүтээл" зэрэг шагнал гардсан даа. Тухайн киноны хөгжим олон түмэнд хамгийн сайн хүрч, чанартай уран бүтээл болсны илэрхийлэл нь энэ. Хамтлагийн хэмжээнд янз бүрийн фестиваль, шоу тоглолтод оролцсон. 2009 онд Узбекстан улсад болсон ЮНЕСКО-гийн нэрэмжит “Тронолора” наадамд оролцсон юм байна. Гэхдээ жижиг орнуудын хувьд зохиож буй наадам нь цар хүрээ багатай байдаг. -Уран бүтээлийнхээ санааг яаж гаргадаг вэ. Эртний хөгжмийн үүх түүхээс судална биз? -Эртний хөгжмийн үүсэл гарлын тухай янз бүрийн ойлголт бий. Монголчууд шиг нүүдэлчин овог аймагтай улс ч цөөнгүй байсан. Австрали, Африк гэх мэт өнөө хэр нь нүүдэлчин овогтой улс байгаа шүү дээ. Тэдгээр овог аймгийн хөгжмийн зэмсэг, хөг аялгуу нь байгальтайгаа их ойр, өнгө шийдэл нь зохицсон байдаг юм. Тиймээс олон улсын хөгжмийн зэмсэг, хөг аялгууг судалж, уран бүтээлдээ тусгахыг хичээдэг. -Солонгос, хятадууд ятга хөгжмийг “Манайх, танайх” гэлцдэг нь оргүй зүйл биш болов уу. Энэ талаар манай уран бүтээлчид юу хэлэх бол? -Хятад бол 3500 жилийн ятгын түүхтэй улс. Археологийн олдвор нь чэнь гэх хөгжим бий. Тэд ятга хөгжмийг хятад улсаас гаралтай гэж баталдаг нь ч үүнтэй холбоотой байх. Ятга хөгжмөөр зураач, гүн сэтгэгч нар тоглож байсан эртнээс улбаатай хөгжим гэдэг юм билээ. Монголчуудын хувьд, түүнээс ч өмнө ятга хөгжим бий болсон гэж үздэг. Гэвч хятадууд шиг баримт нотолгоо, үзэж харсан зүйл байхгүй боловч түүхэн домог, үлгэр, туульс зэргээс нь авч үзвэл яах аргагүй ятгын үүсэл хөгжил манайхтай холбоотой. Морин хуурын тухайд ч олдвор байхгүй хэрнээ эртний түүх домгоор баримжаалдаг шүү дээ. 2500 жилийн өмнө олдсон хоёр утастай ятга хөгжим одоо Ленинград хотын музейд байдаг. Мөн монголчуудын түүх, домгийн эхлэл болсон “Жангар” туульс 5000 жилийн түүхтэй бөгөөд “Жагарын орны Жангар ганц утастай хөгжим зохиожээ” гэж гардаг шүү дээ. Тиймээс яг баталгаа болгох зүйл байхгүй хэдий ч домог, түүхээ сөхөж үзвэл бодох юмтай. Ятга хөгжмийг монголынх уу, хятадынх уу гэдгийг ч тааварлахад бэрх. Юутай ч, нүүдэлчин овог аймгуудын дунд үүсч хөгжөөд тархсан байж болох юм. Гэхдээ бид нэг зүйлээр маш их бахархдаг. Ятга бол дээдсийн хүрээнд хөгжсөн ордны хөгжим учраас тэр. Ард түмний дунд төдийлөн хөгжөөгүй байсан юм билээ. Магадгүй, ордны хөгжим гэдэг утгаараа Манжийн төр мөхөхөд хамт устсан  байж болох талтай. Ятга дотроо маш олон янзын төрөлтэй байсан. Төрийн ятга, Ахуй их ятга, Ятгалиг, Дэвслэгт ятга, Монгол ятга гэх мэт. Ятгын урлагийн хүрээнд энэ бүхнийг сэргээн хөгжүүлж, уламжлалт соёлоо дээдлэх нь зүйтэй санагддаг юм. Хөгжмийн тал дээр хятадын Гүжин, Солонгосын Гайягүн ятгаар тоглож байна, одоогоор. -Тэгвэл таны тоглож байгаа ятга аль нь юм бэ. Хэр удаан нөхөрлөсөн зэмсэг бол? -Хятадын Гүжин ятга. 1961 оноос эхлэн мэргэжлийн ятгачид энэ хөгжмөөр тоглож сурсан байдаг. Одоо тоглож буй ятгатайгаа их олон жил нөхөрлөж байна даа. Би долоон настайгаасаа эхлэн ятгатай нөхөрлөсөн хүн. Бараг 30 гаруй жил ятга тоглолоо. -Уран бүтээлийн хувьд, гаргасан цомог цөөнгүй байгаа байх даа? -Байлгүй яахав. 2004 онд “Хос эрвээхэй” цомог гаргасан. Мөн 1998 онд багшдаа зориулсан бүтээлээр “Дурсамж” цомгоо гаргаж байлаа. Энэ бүтээл маань ятгын урлагт цоо шинэ өнгө төрх, орон зайг бий болгосон гэж боддог юм. -Дан ганц уран бүтээлээс олсон мөнгөөр амьдрах хэцүү гэлцдэг. Таны хувьд, өөр эрхэлж буй ажил бий юу? -Тийм ээ. Хамтлагийн уран бүтээлээр амьдралынхаа бүхий л орон зайг төсөөлнө гэвэл хэцүү. Монголд ингэж амьдрах боломж ч байхгүй. Дан ганц уран бүтээлчийн цалингаар амьдарч чадахгүй шүү дээ, бид. Хэдийгээр ивээн тэтгэгч олддог боловч тэрний төлөө амьдралаа зориулна гэсэн үг биш. Тиймээс би ятгын хувийн сургалт зохион байгуулахын зэрэгцээ Хөгжим бүжгийн коллежийн ятгын ангид багшаар ажилладаг. Ирээдүйд эртний ятга хөгжмийг сэргээн нутагшуулж, монголын ятгачдыг дэлхийд таниулах чиглэлээр сайн дураараа судалж байгаа юм. Өнгөрсөн онд байгуулагдсан Монголын ятгын холбоогоор дамжуулан, олон сайхан зүйл дээр хамтарч ажиллах боломж нээгдсэн. -Гадаадын уран бүтээлчдээс хамтарч ажиллах санал байнга ирдэг үү? -Байнга ирдэггүй ээ. Тэгээд ч бид томоохон төслийн ажлыг жилийн өмнөөс эхлэн төлөвлөж, гэрээ хийдэг. Ирэх аравдугаар сард АНУ-ын хойд хэсгийн нутгаар тоглолт хийхээр бэлтгэж байгаа. Ирсэн санал болгоныг хүлээж авахаас илүүтэй олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй чанартай, томоохон төсөлд хамтарч ажиллахыг хүсдэг. Арав гаруй жил гадаадад аялан тоглолт хийж явахад ар гэрийн асуудал үнэхээр их орхигддог юм байна. Тиймээс сүүлийн үед эх орондоо сайхан амьдралыг цогцлоохын төлөө анхаармаар санагдсан. -Таныг сонсогч, фэнүүд тань “Ятгын хатан хаан” гэдэг юм билээ. Энэ нэрийг хэдийд өгсөн бол? -Жаахан туйлширсан байж магадгүй. Европт тоглолт хийхээр очиход олон улсын хэвлэлүүдэд “Азийн ятгын хатан хаан монгол бүсгүй ирлээ” гэсэн нийтлэл гарсан. Түүнийг манай герман менежер уншаад бөөн баяр болж “Чулуунбатын Мөнх-Эрдэнэ ятгын хатан хаан” гэж билээ. Үүнээс хойш энэ нэрийг олонтаа сонсч байна. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зайл
2025-05-05