Ядаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ унаагаар зөөдөг болоосой
Шинэ хичээлийн жил эхэлж, нийслэлийн хөл хөдөлгөөн ихэссэнтэй зэрэгцэн зам тээврийн осол бараг өдөр алгасахгүй гарч байна. Тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амиа алдсан хэд хэдэн хэрэг өнгөрсөн өдрүүдэд гарлаа.
Хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч, амьдрах эрхтэй гэдэг. Гэтэл ийм орчин өнөөдөр бүрдэхгүй л байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байнгын аюул дунд байна гэхэд хилсдэхгүй. Тэдний суралцдаг сургууль хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй, автомашины сүлжилдсэн "100 айл"-д байрладаг. Тодруулбал, харааны бэрхшээлтэй хүүхдүүд 116 дугаар дунд сургууль, харин сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд 29 дүгээр сургуульд суралцдаг. Барилга материалын дэлгүүрүүдтэй хаяа дэрлэн энэ хоёр сургууль зэрэгцэн оршдог.
Уг нь сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм гэж бий. Тус дүрэмд сургууль, цэцэрлэгийн хашаан дотор нүх, суваг шуудуй ухсан тохиолдолд хамгаалалт, хашилтгүй орхиж үл болно хэмээн тусгасан байдаг юм билээ. Гэтэл тус сургуулиудын орчимд таггүй траншей л гэхэд хэд хэд харагдсан. Хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулийн зүгээс ямар арга хэмжээ авдаг талаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан П.Буянжаргалаас тодруулсан юм.
-Танай сургуульд нийт хэчнээн хүүхэд суралцдаг вэ?
-Сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй 330 гаруй хүүхэд энэ хичээлийн жилд суралцаж байна. Нийт 21 аймгийн болон нийслэлийн есөн дүүргийн хүүхэд манайд сурдаг.
-"100 айл" орчим автомашины хөдөлгөөн ихтэй байдаг газруудын нэг. Тиймээс хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс унаагаар зөөх боломж бололцоо хэр байдаг юм бол?
- Орон нутгаас болон хотын захын хороололын хүүхдүүд дотуур байранд байдаг. Нийт 190 орчим хүүхэд бий. Манай сургууль 2009 оноос "Хүүхэд манай ирээдүй" төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж ирсэн. Тэр байгууллагаас манайд хоёр микро автобус хандивласан юм. Үүгээрээ бид хамгийн олон хүүхэдтэй Сонгинохайрхан дүүргийн чиглэлд болон Чингэлтэй, Дарь-Эх, Дамба, Бэлхийн чиглэлд хүүхдүүдээ зөөж байгаа.
-Хоёрхон микро автобус хаанаа ч хүрэлцэхгүй юм байна шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Тэр болгон эцэг эхчүүд нь хүүхдээ зөөгөөд байх нь хүндрэлтэй. Хоёр микро автобусандаа 30 гаруй хүүхдийг л багтааж зөөж байгаа. Заримдаа хүүхдийнхээ тоог хэтрүүлээд л зөөж байна.
-Жирийн хүүхдүүдийг бодвол илүү их асаргаа шаардлагатай хүүхдүүд энд суралцаж байна. Нийслэлийн удирдлагууд ямар асуудлыг шийдэж өгвөл, хүүхдүүд аюулгүй орчинд суралцах боломж бий гэж та харж байна вэ?
-Манай сургуулиас гадна энд харааны бэрхшээлтэй 100 орчим хүүхэд суралцдаг сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байрладаг. Үндсэндээ 500 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч, хүмүүжиж байна. Зам талбайн хувьд үнэхээр хэцүү шүү дээ. Явган хүний зам бараг байхгүй болтол хүмүүс дэлгүүрүүдээ барьчихсан байдаг.
Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгийг бид Нийслэлийн цагдаагийн газар болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст явуулж байсан. Тодорхой арга хэмжээ аваагүй л байна. Санаснаар болдог бол барилга материалын дэлгүүрүүдийг нүүлгэчихмээр л байна.
Хэдийгээр зам тээврийн осолд манай хүүхдүүд өртөж байгаагүй ч, тийм зүйл гарахгүй гэхийн баталгаа алга байна. Өнгөрсөн жил л гэхэд манай нэг сурагчийг машин шүргэчихээд жолооч нь зугтсан тохиолдол гарч байсан. Сургуулийн эргэн тойроны автозамуудад л гэхэд гарцны тэмдэг тэмдэглэгээ байхгүй байгаа юм.
Дараа нь бид харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 116 дугаар дунд сургуулийн нийгмийн ажилтан К.Жанибектэй уулзлаа. Тэрээр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс заавал эцэг эхчүүд нь хүүхдээ өглөө оройд зөөдөг тухай хэлж байсан. Мөн сургуулийн эргэн тойронд таггүй траншейнээс эхлээд хүүхдийн эрүүл мэнд ,амь насанд эрсдэл учруулах магадлалтай газруудад зохих хүмүүс нь анхаарлаа хандуулахыг манай сайтаар дамжуулж байсан юм.
Ийнхүү дээрх сургууль, цэцэрлэгийн ойролцоо байгаа таггүй траншей, автозамын тэмдэг тэмдэглэгээ, автомашины хурд сааруулагчгүй замууд олон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй байтугай эрүүл саруул хүн явахад хүндрэлтэй байгаа зам талбайгаа холбогдох хяналтын байгууллагууд анхааралдаа авахыг дахин хүсч байна. Нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг албан журмаар автобусаар зөөж чаддаггүй юм аа гэхэд дээрх 500 хүүхдийн тал ч хүрэхгүй хувьд нь хэдэн автобус гаргаж өгөхөд яагаад болохгүй гэж.













Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ