
“Хөх толбот хүмүүс” киноныхоо нээлтийг хоёр, гурван ч оронд хийгээд амжсан “DOZ” энтертайнмент студийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн өдгөө хувийн амьдралдаа анхаарах хэрэгтэй гэж үзжээ. “Балетчин болохоор тэмүүлж байсан эхнэрээ алдчих вий гэж их айдаг байж дээ, залуу насанд. Гадаадад сурах гээд явахдаа эхнэрийг минь харж хандаж, бас харамлаж байгаарай гэж найзууддаа захиж үлдээсэн дээ.
Одоо манайх хоёр хөөрхөн хүүхэдтэй, аз жаргалтай айл болсон. Гэхдээ хоёулаа жүжигчин, урлагийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байсан болохоор өнөөг хүртэл гэр бүлдээ анхаарал халамжаа дутуу зориулсан юм шиг санагдаж байна. Ямар сайндаа л, том хүүгээ ой гаруйтай байхад нь Швейцарь руу явуулж байхав дээ. Хэдэн жилийн дараа очиход хүү минь ямар том болчихсон байсан гээч. Бага охиныг минь гурван сар хүрэв үү, үгүй юу л аав ээж маань аваад явчихсан. Үнэндээ Мөнгөнзул бид хоёр хүүхэд өсгөх жаргал, зовлонг сайн мэдэрсэнгүй. Тэгэхээр одоо гурав дахь хүүхдээ өөрсдөө өсгөнө гэж ярилцаж байгаа.
Ажил, амьдралын хувьд нэлээд тогтсон болохоор гэр бүлийнхээ аз жаргалыг улам сайхан болгох хэрэгтэй шүү дээ. Нялх хүүхэд хуурайлах, хөлд орж байгааг нь харах, бас хэлэх үгийг нь зааж өгөх гээд л тэр сайхан мэдрэмжийг дахин мэдрэхсэн” гэж санаашран хэлсэн жүжигчин залуу энэ тухайгаа фэнүүдийнхээ өмнө ний нуугүй ярилаа. Мэдээж хэрэг, тус студид нөхөртэйгээ зэрэгцэн ажиллаж буй жүжигчин А.Мөнгөнзул ч гэсэн уран бүтээлээ хэсэг хугацаанд хойш тавиад ээж, эзэгтэйн ажилд анхаарлаа хандуулах ёстойгоо мэдэрсэн биз ээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ