Н.Наранбаатар: Байлдааны онгоцны “нисгэгч” одоо найруулагч болчихоод явж байна

img

УДЭТ-ын ерөнхий найруулагч, жүжигчин Н.Наранбаатараас цөөн асуултад хариулт авснаа хүргэе. -Танд бусдаас онцгой мэт санагддаг зүйл байгаа гэж боддог уу? -Үгүй ээ, надад ямар ч онцгой юм байхгүй. Аливаа зүйлд энгийн байдлаар хандах дуртай. Ямар ч үед түрүүлж дуугарахгүй, сүүлд нь харин “атгаж” хэлнэ дээ. Харин намайг зоригжуулж, хийж бүтээхийн төлөө хурцалж байдаг зүйл бол хор шар. Бас амьдралд итгэх итгэл, гэр бүл, үр хүүхэд, мэргэжил минь гэж боддог. -Өөрийнхөө ямар сонголтод сэтгэл хангалуун явдаг вэ? -Би уг нь багадаа нисгэгч, тэр дундаа байлдааны онгоцны нисгэгч болохыг хүсдэг байсан. Гэтэл дунд сургуулиа төгсөөд нисгэгч болох мөрөөдлөө урлагийн амьдралаар сольсондоо сэтгэл хангалуун явдаг. Энэ бол жинхэнэ миний амьдрал, бас миний орон зайг гэрэлтүүлсэн ертөнц. -Зохиолч, яруу найрагчдын бүтээлээс алиныг нь санах дуртай бол? -О.Дашбалбар агсны ...Доромжлуулах тусмаа чи Долоон бурхан од шиг гялалзаж Гүтгүүлэх тусмаа чи Гүн шөнийн од шиг гялалзаж яв... гэсэн мөртүүдийг сэтгэлдээ ямагт санаж явдаг. -Тэгвэл таныг залхааж байгаа зүйл юу байна? -Улстөрчдийн энэ утга учиргүй тэмцэл, элий балай ярианууд. -Хэн нэгнийг шагнах болбол таны хувьд? -Гавьяа байгуулсан мөртлөө шагнал авч чадаагүй байгаа хөгшдийг хамгийн түрүүнд баярлуулна. -Алжаалаа яаж тайлах дуртай вэ? -Утсаа унтраачихаад гэртээ банштай цай хийнэ дээ. Хүүхдүүдтэйгээ тоглож, зурагт үзэх дуртай. Миний хамгийн сайн хийдэг хоол байцаатай хуурга. Ёстой “янзтай” хийнэ шүү дээ. -Биширдэг түүхэн хүн тань хэн бол? -Олон бий. Тэр дундаа, манай нутгийнх болоод ч тэр үү. Чин ван Ханддорж гэж хэлнэ дээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Пара минь байнга доромжлуулж явдаг юм уу даа
2012-09-07