Балчир охидоор “цэцэглэсэн” титмийн худалдаа

img

Сүүлийн үед бага насны охидоор бизнес хийгчид эрс олширлоо. Янз бүрийн уралдаан тэмцээн, реклам сурталчилганы самбарт дөнгөж төрхөө олж байгаа бага насны охидыг өрсөлдүүлэх шахам оролцуулдаг болж. Урлаг, спортын салбарт энэ бол энгийн зүйл мэт. Гэтэл эцэг эхийнхээ өврөөс ч гарч амжаагүй шахам цэцэрлэгийн насны охидоос мисс шалгаруулдаг нь үнэхээр гайхмаар. “Бяцхан охидын авьяас чадварыг дэмжиж, ирээдүйн урлаг соёлын одыг төрүүлэх зорилготой” хэмээх үлгэр шиг сайхан үгээр далд бизнесээ сурталчилсан олон байгууллага бий. Үр хүүхдийнхээ мэдлэг боловсролд хөрөнгө оруулалт хийж, авьяас чадварыг нь дэмжихийг хүсдэггүй эцэг эх гэж хаана байхав. Тиймдээ ч бяцхан охиныхоо авьяасыг юм юманд сорьж, сэргэлэн цовоо байлгахад анхааран энэ мэт зүйлд оролцох нь олонтаа. Гэвч алдаг оног зохион байгуулахчаан аяддаг “Бяцхан мисс” тэмцээн оролцогчдынхоо сэтгэлзүйгээр хангалттай тоглож байгаа жишээ цөөнгүй удаа гарсан нь нууц биш. Тэмцээний талаар сонирхож судалсан хүн бүхэнд л автомат хариулагч шиг нэг ижил, зохиомол хариулт өгч байгаа юм чинь арга ч үгүй биз. Сүржин нэртэй ч энэ даржин тэмцээнд охидоо оролцуулах гэж хуруу хумсаа мухарлах шахаж яваа эцэг эхчүүд л үүний зовлонг сайтар мэдэрч буй нь үнэн. Уг тэмцээнд бүртгүүлж, оролцох эрхийн бичиг авахын тулд тодорхой хэмжээний мөнгө төлөхөөс эхлээд л зөвхөн нэг шатны шалгаруулалтад оролцох зардал нь 100 мянга хол давчихдаг юм билээ. Балчир охидын ирээдүйн төлөө уйгагүй ажилладаг хэмээн өөрсдийгөө рекламдсан мөнөөх зохион байгуулагчид нь нэг удаагийн тэмцээндээ асрамжийн газрын охидыг оролцуулна гэж хэлчихээд тэднийг хууран баахан нус нулимс болсон гашуун түүх ч бий гэдгийг энд сануулахад гэмгүй биз ээ. Хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж хоолойгоо зангируулан хэвлэлийнхэнтэй уулздаг байсан “Билгүүн санаа” компанийнхан ч сүүлийн хэдэн жилд дуу нь овоо чангараад байгаа сурагтай. Юун өнөө асрамжийн газрын охид манатай. Тэмцээнийхээ шалгаруулалтыг товлосон хугацаанаасаа хэд дахин хойшлуулах, бэлтгэх дүрэмдээ өөрчлөлт оруулах, элдэв мөнгө төгрөг нэхэх зэргээр оролцогч охидынхоо эцэг эхчүүдийг багагүй дарамталдаг гэх гомдол ч бараг тасрахаа болиод удаж байна. Хөдөө орон нутгаас ирсэн охидыг бүртгэлээс хасч, нэлээд хэл ам таталсан шалгаруулалт явуулж байгаа энэ тэмцээнийг сүүлийн үед хүмүүс нэг их сонирхохгүй байгаа юм билээ. Тиймээс реклам сурталчилгаагаа сүртэйхэн шиг хийгээд баахан эцэг эхчүүдийн мөнгөөр туйлж суудаг зохион байгуулагчид “шахааны бизнес”-т анхаарлаа хандуулсан гэх. Тэд нэг удаагийн шалгаруулалт дээр усны хувцастай адил загвартай өмсгөлөө оролцогч бүрт өндөр үнээр худалдсан бөгөөд тэмцээний дараа өнөөхөө буцааж авах гээд эгээтэй л дайн хийгээгүй юм байх. Үнэ хөлсийг нь төлөөд авсан хувцсаа буцааж өгөх болсон балчир охидын эцэг эхчүүд “Хэрвээ энэ усны хувцас шиг хачин өмсгөлөө зөвхөн нэг удаа өмсүүлэх гэж төлбөр авсан юм бол эртхэн хэлчихгүй дээ. Алгын чинээ даавуугаар хэн ч хийгээд өгчихөж чадах л байсан” гэж гомдоллосон байх юм. Гэтэл цаадуул нь “Энэ хувцасны төлбөрт авсан мөнгө чинь та нарт бүжгийн хувцас авчирсан замын зардал” гэж ирээд ичих ч үгүй мэлзсэн гэж байгаа. 30 ширхэг хувцасны төлбөр болох 150 мянган төгрөгийг тооцож үзвэл, хотын аль ч хэсгээс хүргэсэн унааны зардал ийм хэмжээтэй гарахгүй байлгүй. Энэ мэтчилэн тооцоолоогүй зардлууд ар араасаа хөвөрч өгдөг гэсэн шүү. Тэр ч байтугай, тэмцээний эцсийн шатны шалгаруулалтын тасалбарыг оролцогчдын ар гэрийнхэн хувааж аваад борлуулж өгөх албан бус үүрэгтэй. Охиноо тэмцээнд амжилттай оролцож, шүүгчдийн зүгээс ямар нэгэн шахалт, онооны зөрүүгээс болоод хасагдчих вий гэж эмээсэн эцэг эхчүүд тус бүртээ оногдсон тасалбарыг борлуулах гээд янз бүрийн арга сүвэгчлэн завгүй явдаг аж. Эс чадвал, чамлахааргүй мөнгөний өрөнд унах учраас тэр. Тэмцээнд оролцох бусад жижиг зардал, төлбөрийг нэмбэл нэлээд их мөнгө “унагааж” байгаад нь гомдолтой явдгаа эцэг эхчүүд ч бидэнд хэлж байлаа. Зардал нэрээр мөнгө саах гэсэн бизнесийн байгууллагууд бага насны охидоор улаан цайм бизнес хийж байгаа нь илт. Тэгсэн мөртлөө “Бяцхан мисс” болсон охидод гялгар титэм, гарын бэлэг, цаашлаад ганц нэг дууны клипэнд тоглох эрх өгөөд л болоо. Тэгвэл иймэрхүү аргаар хэдэн сая төгрөгийн ашигтай ажилладаг “Бяцхан мисс” тэмцээний зохион байгуулагчид ээлжит ажлаа зэхээд алга хавсран өдөр хоногоо хүлээж байна, цаана чинь. Тун удахгүй “Бяцхан мисс” тэмцээний бүртгэл эхэлнэ. Сайн судлахгүй бол горьгүй шүү, эцэг эхчүүд ээ. Халаас нимгэн, зүтгэл муутайхан бол нялх охиндоо титэм бус цаасан малгай өмсүүлээд тайзан дээрээс нулимстайхан хөтлөөд бууж мэднэ шүү. Тэртээ тэргүй, тэр тэмцээний чинь титэм аль хэдийнэ эзнээ “олчихсон” байгаа. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ тэмцээн ёстой балай юм байлээ. охиноо оруулсан чинь зүгээр бөөн дарамт, шувт загнуулаастай. хүүхдийг хөгжүүлэх гээд байгаа юмуу мөнгө олох гээд байгаамуу ойлгоогүй
2012-10-04