
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АН-ын даргынх нь хувьд хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор шахаж шаардаж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд Тэргүүн шадар сайдаар ажиллахдаа өөрийн мэдлийн агентлагууддаа халаа сэлгээ нэлээд хийж, хамаатан садан, найз нөхдөө өөд нь овоо татсан. Харин тэд сүүлдээ улсын ажлыг унагаж, хэл ам таталж, шүүхийн хаалга татахад хүрч байсныг түмэн олон зах зухаас нь гадарлана.
2008 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль олон улсын жишигт нийцсэн бузгай хууль болсон гэдэг. Түүнд Канад болон Скандиновын орнуудад хэвшиж тогтсон төрийн албаны мерит зарчмыг нэлээд тусгаж өгчээ. Энэ нь төрийн алба улстөрчдөөс хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдгаараа хэрэгжүүлсэн улс орнууд нь сайн засаглалтайд тооцогддог. Гэтэл манай улстөрчдөд энэхүү мерит зарчмыг баримтлан улс төрөөс хараат бусаар ажиллаж, төрийн албан хаагчид мэргэшсэн, тогтвортой байх нь ямар ч хамаагүй учраас халаа сэлгээг хайр найргүй хийсээр ирсэн.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулан, сайд нарын суудлаа хувааж авсан АН, МАХН-ынхан үүнийг үл тоон Нийтийн албаны тухай хуулийн төслийг боловсруулахаар цөөн хэдэн хүнийг Их тэнгэрт цуглуулан өдөр шөнөгүй суулгаж эхэлжээ. Тэгэхдээ аливаа хуулийн төслийг боловсруулахдаа салбарынх нь эрдэмтэд, хуульчдын санал бодлыг тусгаж, олон нийтээр хэлэлцүүлдэг зарчмыг ор тас мартаж орхисон нь харамсалтай.
Тэр ч байтугай МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс АН болон тус эвсэл засагт хамтарсан харьцаагаараа агентлагуудыг хувааж авна хэмээн ил цагаан зарлаж байна. Тухайлбал, Б.Анхныбаяр, Л.Батсайхан, Б.Туяа, Б.Санчир, М.Ангараг нарын залуусаа агентлагийн дарга болгох юм байна л даа. Агентлагийн дарга бол төрийн жинхэнэ албан хаагч. Тиймээс аль нэг нам эвсэл биш Төрийн албаны зөвлөлөөс агентлагийн даргыг сонгон шалгаруулдаг. Гэтэл парламентад 11 суудал авсандаа эрдсэн “Шударга ёс” эвслийнхэн төрийн албыг гишүүддээ хувааж өгөх албан тушаалын бялуу гэсэн ойлголтдоо пологтчихоод явна. Пологтсондоо Ч.Улаанаас эхлээд УИХ-ын дэд даргыг чамлаж, унацтайгаар нь Сангийн сайдаар заларсан. Ер нь МАХН-ын цөөхөн хүн төрийн албыг хэдхэн өдөр хашаад татсан тамхины иш шиг хаяж байна. Тэр акууркыг нь МҮАН-ынхан харин голохгүй түүх юм даа.
АН-ынханд хашруудын өвчин халдварлаж эхлэв. Ямар сайндаа Ерөнхий сайдад төрийн өмч хөрөнгийг идэж шамшигдуулсан нь шүүхээр тогтоогдож, ажлаасаа халагдсан О.Отгонсайханыг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн даргаар, ажлын хариуцлага алдаж төрийн албанаас зайлуулагдсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга асан н.Доржпаламыг дэвшүүлэн томилуулах дарамт шахалт үзүүлж байна. Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж түлш, шатахууны үнийг импортлогч компаниудтай үгсэн хуйвалдаж өөгшүүлсэн Б.Ариунсан ч гэсэн Н.Алтанхуягийн шадар хүн гэдгээрээ урьдын адил булуу хураахаар хөөцөлдөж явна. Энэ чинь ариун явдал мөн үү.
Шинэ хичээлийн жил эхлээд долоо хонож байна. Шинэ Засгийн газар байгуулагдаад гурван долоо хонож байна. Шинэхэн сурагчид 11 жил суралцана. Тэдэнд багш нь “Гэнэт цадах гэдсэнд халтай. Гэнэт баяжих насанд цөвтэй” гэж сургав. Шинэхэн сайд нар Ерөнхий сайддаа “Гэнэт дэвших нэг сайхан. Гэнэт баяжих бүр ч сайхан” хэмээн заав. Уг нь хүүхдүүд чулуугаар тоглохоо больж, хүүхнүүд хоолны дэглэм барьдаг болсон цаг болсон юмсан.
Х.Улз
СЭТГЭГДЭЛ БИЧИХ