
Төрийн ордонд 09.00 цагаас эхэлсэн "Шууд Ардчилал" иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалт үргэлжлэн явагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэн, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй. Энэ арга хэмжээг Шууд телевиз Төрийн ордноос шууд дамжуулж байна.
Төсвийн тухай шинэ хууль өнгөрсөн оны сүүлээр батлагдсан бөгөөд төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсвийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх, төсвийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан зорилтуудын гол гол хэсгүүд дээрх хуулинд тусгалаа олсон болно.
Төсвийн шинэ хууль 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх ч зохион байгуулалтын чанартай иргэдийн оролцоо шаардсан ажлууд одооноос эхэлсэн байх ёстой. Үүнтэй холбогдуулан Төсвийн шинэ хуулинд заасан иргэдийн оролцоог бодитой хэрэгжүүлэх эрх зүйн болон бусад арга хэмжээг хойшлуулалгүй авах шаардлагатай байгаа.
Ирэх оны төсвийн боловсруулалт эцэслэх шатандаа орж байгаа энэ үед иргэдийн оролцоог хангах дээрх журмын төслүүдийг хугацаа алдалгүй орон нутаг, иргэдэд хүргэх нь чухал бөгөөд иргэдийн оролцоотой төсвийн менежментийн шинэ тогтолцоог хэрэгжүүлэх үндэсний сургалт өнөөдөр төрийн ордонд ийнхүү эхлэн явагдаж байгаа бол 15-нд аймаг, орон нутгийн иргэдэд зориулан зохион байгуулагдана.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ