
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргажээ. Захирамжид, нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга технологи зөрчигдөж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироох явдлыг таслан зогсоох зорилгоор, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж байгаа нийт барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу арга хэмжээ авахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгасан байна.
Мөн зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа барилгыг ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байхыг Ус сувгын удирдах газар, "Улаанбаатар дулааны сүлжээ" ХХК, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХХК-д даалгажээ. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгаа нийт барилга байгууламжийг барих, барилга угсралтын ажилд ашиглаж буй машин, механизм, тоног төхөөрөмж, өргөх байгууламжийг хөдөлмөр хамгаалал аюулгүйг хангасан эсэхийг шалган гэрчилгээжүүлж зохих үр дүнг ирэх сарын 10-ны дотор танилцуулахыг Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад тус тус үүрэг болгосон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ