Кран нурж хүний аминд хүрлээ
Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт орших Хурд компанийн Рапид Харш орон сууцны хороололд баригдаж буй нэгэн барилгын өргөгч кран нурж кранист нь болох 26 настай С амиа алджээ. Хэдхэн хоногийн өмнө зөвшөөрөлгүй барилга дээр осол гарч гэм зэмгүй бяцхан охины амийг авч одсон шуугиан намжиж амжаагүй байтал өргөгч кран нурж дахин нэгэн амь байхгүй боллоо. Өчигдөр орой 18.30 цагийн орчимд энэ осол гарчээ. Азаар ойр орчимд нь явсан хүмүүс гэмтээгүй байна. Осол болох үед тэнд байсан гэрчүүдийн мэдээлж буйгаар “Бөөн дуу чимээ гарч, кран нурах үед кранист нь бүхээгнээсээ үсрэх шиг болсон түргэний тэрэг ирээд хүн авч яваагүй тэгэхээр үхсэн байх” гэлцэж байв. Онцгой байдлын газрынхан ослын газар дээр ажиллаж, улмаар 20.30 цагийн үед цагдаагийнхан цогцсыг авч явжээ. Осол гарсны дараахан Шууд телевизийн сурвалжлах багийнхныг очиход “Хөдөлгөөнт бай” хэмээх хамгаалалтын албаны ажилтнууд зураг авахуулахгүй хэмээн сэтгүүлч, зураглаачдын биед халдаж, дарга нь сурвалжлагчийн микрофоныг булааж авах мэтээр зүй бусаар харьцсан байна. Энэ үеэр барилгын хашааны дөрвөн талд байх камеруудыг бүтээсэн нь тэр үед ямар ч үйл явдал болсон нотлох баримтгүй болгох гэсэн Хурд компанийн удирдлагуудын санаа аж. Сүүлийн үед хаа сайгүй брэнд болж буй “салаавч”-ийг хамгаалалтын албаныхан сэтгүүлчдийн өөдөөс гаргаж, элдвээр заналхийлсэн юм. Хурд компанийн барьж буй барилгуудад цагийн ажилчдадаа хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл өгдөггүй, хятад ажилчдад төлдөг мөнгөнөөс ч бага цалин монгол залууст олгодог зэрэг саар мэдээллүүд хэвлэлээр бичигдсээр байдаг. Кран нь нурж унаад ажилчнаа алчихаж буйгаас харахад л бүх зүйл ойлгомжтой аж. УИХ-д үхэн хатан зүтгэж байгаа, Увсад баруун солгойгүй мөнгө тараасан гэгдэх Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн Хурд компани Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрны газрыг хуу хамсныг хүн бүр мэдэх биз ээ. Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ