
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр салбарын хөрөнгө оруулалтаар барьж буй Хавдар Судлалын Үндэсний Төвийн өргөтгөлийн барилга, 300 ортой төрөх эмнэлэг, 60 ортой ахмадын эмнэлгийн барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцжээ.
Хавдар Судлалын Үндэсний Төвийн өргөтгөлийн барилга гурван блоктой. “А” блок нь хагалгааны хэсэг, “В” блок нь хэвтэн эмчлүүлэх тасаг, лаборатори, “С” блок цацраг эмчилгээний чиглэлээр ашиглах юм. Одоогоор “А” блокын гурван давхрын хана хучилтын ажил хийгдсэн, “В” блок гурван давхар баригдахаас одоо нэг давхрын угсралт хийгдсэн, С блок нь огт эхлээгүй. Ингээд нийт ажлын гүйцэтгэл 60 хувьтай явж байна.
Харин 300 ортой төрөх эмнэлэг нь зургаан блоктой. Үүнээс А,Б,В,Г блокын үндсэн карказийн угсралтын ажил хийгдсэн, Д блокын суурийн ажил эхэлсэн, Е блок нь эхлээгүй. Ингээд мөн 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
60 ортой ахмадын эмнэлэг дөрвөн блоктой. Б,Г блокын гурван давхар барилгын угсралтын ажил, В блокын барилгын суурийн ажил хийгдсэн, харин А блокын тендер хүчингүй болж, нийт ажлын 40 хувийг гүйцэтгэжээ.
Хавдар Судлалын Үндэсний Төвийн өргөтгөлийн барилгын ажил зогсонги байдалтай, гүйцэтгэгч талаас ажиллах хүч дутмаг байгааг сайдад уламжилсан байна.
Нийслэлийн Хан-уул дүүрэгт барьж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын тогтмол үйл ажиллагааг хангах цахилгаан, дулаан, бохир, цэвэр усны төвлөрсөн усан хангамж зэрэг дэд бүтцийн техникийн нөхцөл шийдэгдээгүй байгаа юм.
60 ортой ахмадын эмнэлгийн барилгын суурь газар шорооны ажлыг хүйтний улиралд нээснээс болж хөрсөнд үүсэх хөлдөлт гүн тогтосноос хугацаа алдаж ажил удааширсан. Мөн цахилгаан, дулаан, бохир, цэвэр усны төвлөрсөн усан хангамж зэрэг дэд бүтцийн техникийн нөхцөл шийдэгдээгүй байсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ