Дэлхийн анхны тусламжийн өдрийг тэмдэглэж байна

img

Улаан Загалмай Үндэсний Нийгэмлэгүүд  нь анхны тусламжийн хөтөлбөрийг шинэ түвшинд хүргэх, тэдний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн зорилттой байдаг. Хүн бүр анхны тусламжийг үзүүлэх боломжтой бөгөөд энэ жилийн Дэлхийн анхны тусламжийн өдрийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд сурталчлах, ослын үед анхан шатны тусламжийг хүн бүр үзүүлж чадах мэдлэгтэй болох мэдээллийг түгээх  зорилгоор “Хайртай хүмүүсийнхээ төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг  Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос уриалсан байна.  Дэлхийн өдрийн хүрээнд өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатарын талбайд Улаанбаатар хотын иргэд, хүүхэд залуус, нийслэлийн бүх дунд шатны Улаан Загалмай Хороод, сайн дурын идэвхитнүүд болон дэмжигч гишүүдийн дунд зам тээврийн аюулгүй байдал, анхны тусламжийн тухай “Хайртай хүмүүсийнхээ төлөө” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт оролцогчдын дунд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхэд  чиглэсэн сургалт сурталчилгааны материал тараах, анхны тусламжийн мэдлэг олгох, анхны тусламжийн сайн дурын идэвхитэн элсүүлэх, зам тээврийн ослоос сэргийлэх болон хамтран ажиллагч байгууллагуудын өртөөнүүд ажиллах, бусдын амь насыг аварсан сайн дурын идэвхитэн, анхны тусламжийн нөхөрлөл, анхны тусламжийн өдрийг таниулан сурталчилахад хувь нэмрээ оруулсан байгууллага болон дунд шатны Улаан загалмайн хороог шагнаж урамшуулах, зүрх, уушигны сэхээн амьдруулах арга аргачлалын талаарх үзүүлэн тоглолт хийх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах юм байна. Өдөрлөгийг Финляндын Улаан Загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын Улаан Загалмай Нийгэмлэг зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгийн үр дүнд үйл ажиллагаанд оролцогчид Дэлхийн анхны тусламжийн өдрийн тухай болон замын аюулгүй байдлын  талаар мэдээлэлтэй болохын зэрэгцээ, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллагч байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжин тэлж, дунд шатны Улаан загалмайн хороодын болон төсөл хөтөлбөрийн харилцан уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Дашрамд дурдахад 2011 оны Дэлхийн анхны тусламжийн өдрийг “Анхны тусламжийг бүгдэд” гэсэн уриан дор 9 дүгээр сарын 10-ны өдөр  үндэсний 30 гаруй нийгэмлэг  тэмдэглэн өнгөрүүлж, нийт 20 сая гаруй хүнд хүрч, 700,000 гаруй Улаан Загалмай Нийгэмлэгийн сайн дурын идэвхитэн болон ажилчид уг өдрийг тэмдэглэхэд оролцсон байна. . Стратегийн хүрээнд 2020 он гэхэд бүх Үндэсний нийгэмлэгүүд нь анхны тусламжийн хөтөлбөрийг шинэ түвшинд хүргэж, түүний чанарыг дээшлүүлсэн байх зорилт дэвшүүлсэн байдаг. Хүн бүр анхны тусламжийг үзүүлэх боломжтой бөгөөд тэд анхны тусламжийг олон нийтэд тулгуурласан чанартай үйлчилгээг хүргэх чадвартай байх ёстой гэж Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн холбоо үздэг.   Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ