Америкийн сансрын нисэгчийн чандрыг далайд цацна

img

Саран дээр анх хөл тавьсан америкийн сансрын нисэгч Нил Армстронгийн чандрыг далайд цацах ажээ. Түүний гэр бүлийн төлөөлөгч Рик Миллер пүрэв гаригт ингэж мэдээлээд, энэ ёслол хэзээ, ямар газарт болохыг тодруулаагүй байна. Армстронг зүрхний мэс заслын хүндрэлийн улмаас наймдугаар сарын 25-нд 82 настайдаа нас нөгчсөн юм. Энэ ёслол америкийн тэнгисийн цэргийн хүчний уламжлалын дагуу болох ажээ. Тэр 1949-1952 онд тэнгисийн цэргийн хүчинд туршигч-нисэгчээр алба хааж байсан байна. Салах ёс гүйцэтгэх ёслол есдүгээр сарын 13-нд Вашингтоны Үндэсний сүмд болох ажээ. 1930 онд төрсөн Армстронгийг тэнгисийн цэргийн нисэхийн сургууль төгссөнийх нь дараа Солонгос руу явуулж, тэнд тэр байлдааны ажиллагаанд оролцсон байна. 1962 онд сансрын нисэгчдийн отрядад орж, 1966 онд сансарт анх удаа ниссэн юм. 1969 оны долоодугаар сард Армстронг Саранд анх удаа хүмүүсийг хүргэсэн /Армстронг  хөлгийн дарга, багийн гишүүн нь Эдвин Олдрин, Майкл Коллинз нар байсан юм/ “Апполон-11- хөлгийн түүхт нислэгт оролцсон билээ. 1969 оны долоодугаар сарын 21-нд тэр Сансрын гадаргууд анх удаа хөл тавьж, “Энэ бол  нэг хүнийи хувьд жижигхэн алхам, харин нийт төрөлхтөний хувьд асар том үсрэлт юм” гэж  хэлжээ. Армстронг, Олдрин нар АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсонтай хоёр минут ярьж, ойр хавийн гэрэл зургийг авч, Сарны гадаргууд чичирхийлэл хэмжигч болон лазерын туяаны ойлгогчийг суурилуулж, Сарны хөрснөөс 20 гаруй кг дээж цуглуулжээ. Энэ ойлгогчийн тусламжтайгаар Дэлхий хүртлэх зайг их нарийвчлалтай хэмжсэн байна.  Хөлгийн багийнхан долоодугаар сарын 24-нд эх дэлхийдээ эргэж ирсэн юм. Тэр 1970 онд Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах үндэсний газрын (НАСА) захирлын туслахын орлогчоор ажиллаж байсан бөгөөд дараа нь анагаах ухааны тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, хүрээлэн байгаа орчны тухай мэдээ цуглуулах зэрэг зорилтыг шийдвэрлэхэд сансрын техникийг хэрэглэх асуудлыг судалж  байжээ.   С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ