





Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотод гадны иргэд жуулчдыг татдаг олон музей, үзмэр, түүх дурсгалт газруудтай.
Энэ удаад их хотыг тольдогч Лондон айя буюу Лондон нүдний тухай мэдээгээ бэлтгэлээ. Их Британийн Лондон хот дахь “Лондон айя” 135 метр өндөртэй. 1999 оны 12 сарын 31-нд ерөнхий сайд Тони Блэйр “Лондон айя”-ыг албан ёсоор нээсэн ч техникийн шалтгааны улмаас 2000 оны 3 сарыг хүртэл нийтэд хаалттай байжээ. Энэ алсыг харагч нь одоо ч дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн өндөр алсыг харагч хэвээр байгаа бөгөөд Лондонг онилсон дэлхийн олон мянган жуулчдын анхаарлын төвд байсаар ирсэн юм. 7-р сарын 25-ны өдөр буюу өнөөдрөөс нэг сар гаруй хугацааны өмнө Олимпын наадмын салшгүй нэгэн хэсэг галт бамбар Лондонгийн нүд хэмээн алдаршсан дэлхийн хамгийн том алсыг харагч дээр асч өмнөд пөүлд цанаар гулгасан хамгийн залуу хүн болсон, одоо дөнгөж 16 настай Амилиа Хэмплмэн-Адамс бамбарыг барин алсыг харагчийн нэг бүхээг дээр гарч зогсож байлаа. Алдарт Темза мөрний хөвөөн дээр Лондонгийн Ламбет дүүрэгт босгосон дэлхийн хамгийн өндрүүдийн нэг алсыг харагчийг “Лондонгийн нүд” хэмээн британичууд өөрсдөө нэрлэжээ. Лондон хот бараг тэр чигээрээ гарын алган дээр байгаа юм шиг харагддаг алсыг харагчаас нийт 32 кабин дүүжлээстэй байдаг. Энэ 32” гэдэг тоо нь цаана учир утга агуулсан бөгөөд Лондон хотын 32 дүүрэг, дагуул хотын нийлбэр тооны бэлгэдэл юм байна. Нэг кабин нь 25 хүртэлх хүн багтаах бол дангаараа 10 тонн жинтэй. Өндгөн хэлбэртэй шилэн кабин, секундэд 26 сантиметрээр буюу цагт 0.9 километр урагшилдаг бол энэ нь нэг аялал буюу нэг бүтэн тойрохыг хэлж байгаа юм. Лондон айяаар өдөрт 15,000-20,000 орчим хүн үйлчлүүдэг. Лондон хотын нэрийн хуудас болсон 2 давхар улаан автобус, шуудангийн хайрцаг, улаан телефоны бүхээг, зөвхөн нүд нь хөдөлдөг цэрэг, бөмбгөр хар такси гээд хүний нүдийг хужирлаж сонирхлыг татах олон зүйлүүдтэй. 3 дахь удаагаа Лондон хотод дэлхийн хүн төрөлхтөний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны олимпийн наадмыг хүлээн авч амжилттай зохион байгуулж байна. Олимпийн үеэр олон жуулчид Лондон хотыг зорин иржээ. Тэр дундаа Монголд амьдардаг мөн гадны орондо ажиллаж амьдардаг, 1000 орчим Монголчууд Их Британи Умард Ирландын нийслэл Лондон хотод ирсэн байна.
Мэдээллийн ивээн тэтгэгчээр “Хамтдаа ялъя” уриан доор паралимпийн тамирчдаа дэмжиж байгаа “Хадгаламж банк”, Чансаа фэшн хамтран ажиллаж байна.
Сурвалжлагч А.Алтанчимэг, зураглаач Ш.Гантуул нар Лондон хотоос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ