Олныг цочроосон хэргүүд хэрхэн шийдэгдэв
Олон нийтийг сэртхийлгэсэн, айдас цочролд автуулсан онц ноцтой хэргүүд сүүлийн үед ойр ойрхон гарч байгаа нь аюулын харанга дэлдэх болов.
Судлаачдын дүгнэлтээс иш татвал хүний амь насыг санаатай хөнөөсөн хэргүүдийг судалж үзэхэд нийт гэмт хэргийн 86 хувь нь гэр бүл, ахуйн хүрээнд гардаг хүчирхийлэл, хардалт, хувийн маргаан зэргээс үүдэлтэй болох нь тогтоогдсон байх юм.
Түүнчлэн хүн амийн ядуу буурай байдал нь хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж бухимдал дээд цэгтээ хүрч буй нь хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. Хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэргийн дийлэнх нь гэр орон сууцанд, хутга мэсээр эсхүл зодож тарчлаах маягаар үйлдэгдэж байгаа аж.
Тэрхүү гэмт хэргийн золиос болсон хохирогчид нь сэжигтнүүдтэй ойр дотны харилцаатай эсхүл ямар нэгэн байдлаар танил байжээ. Зөвхөн нийслэлд энэ оны сүүлийн зургаан сарын байдлаар үйлдэгдсэн ноцтой хэргүүд бүгд танил, төрөл садан найз нөхдийн таагүй харилцаанаас үүдэлтэй болох нь баримтаар тогтоогджээ. Эдгээр хэргийн талаар дор баримт сөхье.
Ээж аав охин гурвыг хөнөөсөн хэрэгтэн хэргээ хүлээв
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух М-ын гэр бүлийг хүйс тэмтэрсэн хэрэг өнгөрөгч долодугаар сард гарсан юм. Хувийн өс хонзон санасан Б.Эрдэнэбилэг М-ын гэрт шөнийн цагаар нэвтэрч гэрийн эзнийг зургаан удаа, эхнэрийг нь таван удаа хутгалж амийг нь бүрэлгээд зогсохгүй, охин Ү-г нь хүчирхийлэн хөнөөсөн хэрцгий хэрэг үйлдсэн билээ. Сэжигтэн Б.Эрдэнэбилэг нь талийгаач Ү-тэй дотно харилцаатай байсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээжээ.
Тэрбээр эл хэргийг үйлдэхээсээ өмнө буюу 2009 оны зургадугаар сард архи ууж согтуурсан үедээ хүний амь нас хөнөөсөн, дээрэм, хүчин, танхайн хэрэгт татагдан шалгуулж байсан ч хэрэг нь шийдэгдээгүй өнгөрөгч наймдугаар сартай золгож “Цагдан хорих” төвөөс батлан даалтад гарчээ. Ийн батлан даалтад гараад удалгүй нэгэн гэр бүлийн гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн юм. Б.Эрдэнэбилэгийн 2009 онд үйлдсэн хэрэг шийдэгдэхгүй удааширсныг нийслэлийн Прокурорын газраас тайлбарлахдаа түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 147.2, 91.2-оор яллаж, 23 жилийн хорих ял оноосон юм байна.
Гэвч шүүгдэгч Нийслэлийн шүүхэд давж заалдахад 91.2 танхайн сэдэлтээр хүний амь насыг хөнөөсөн бол 15-25 жилийн хорих ял онооно гэснийг мөн хуулийн 94.1-д зааснаар бусдыг болгоомжгүй байдлаар хөнөөсөн гэсэн зүйл ангиар хөнгөрүүлжээ. Дээд шүүх түүний хэргийг хянаад мөрдөн байцаалтад буцаасан байна. Гурван шатны шүүх дамжсаар Б.Эрдэнэбилэг 2.8 жилийг шоронд өнгөрүүлжээ.
Тэрбээр мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ” Хайр сэтгэлийн холбоотой байсан Ү нь шоронд хоригдож байхад минь эргэж ирээгүй учраас хэн гэдгээ харуулсан” гэж мэдүүлжээ. Б.Эрдэнэбилэг нь 1980 онд төрсөн наймдугаар ангийн боловсролтой нэгэн аж. Одоогийн байдлаар Б.Эрдэнэбилэгт холбогдох хэрэг нийслэлийн Прокурорын газарт хянагдаж байна.
Эхнэрийнхээ ээжийг хөнөөж гэр бүлийг нь барьцаалсан хэрэг гарч байв
Тахилтад хадам ээжийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан гэх сэтгэл сэртхийлгэсэн хэрэг өнгөрөгч зургадугаар сард гарч байв
Тухайн үеийн мэдээллээр Багануур дүүргийн харьяат 25 настай Ч.Энхээ гэгч нь хувийн маргааны улмаас нүүрэндээ баг зүүн эхнэрийнхээ байшингийн яндангаар орж хадам эх болох 45 настай Б-г мэсээр хоолойг нь хэрчин хөнөөж улмаар 85 настай эмэг эх Б-ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн хэрэгт сэжигтнээр татагдсан юм.
Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалан, амь насанд заналхийлж, хэргийн газарт ирсэн цагдаа нараас машин, сумтай буу шаардаж байжээ. Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай ангийн хоёрдугаар тасгийн албан хаагчид тухайн үед хэргийн газарт шуурхай ажилласны үр дүнд гэмт хэрэгтний үйлдлийг таслан зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллаж байв. Хэрэгтэн Э мөрдөн байцаалтын явцад “Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж ийм хэрэг үйлдсэн” хэмээн мэдүүлжээ.
Эх сурвалжийн хэлэхээр сэжигтэн Ч.Энхээ хэрэг үйлдэхээсээ нэг сарын өмнө эхнэрээс тусдаа амьдарч байжээ. Тэрхүү гэр бүлийн салах болсон шалтгаан нь нөхөр нь эхнэрээ байнга хардаж зодож танхайрдаг байсан юм байна.
Харин сэжигтэн этгээдийн ээж У хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүү минь боловсролтой, тайван гэр бүлд өссөн төлөв хүүхэд. Ийм аймшигтай хэрэг үйлдсэн гэхэд итгэхэд бэрх байна. Дунд сургуульд байхдаа хичээл сурлагадаа сайн, үг дуу цөөтөй сурагч байсан” гэж хувийн байдлыг нь тодорхойлон ярьжээ. Одоогийн байдлаар уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч, УМБГ-аас прокурорын хяналтад шилжүүлжээ.
Түүнд хүнийг санаатай алсан, барьцаалсан, танхайн сэдлээр хүнийг гэмтээсэн зэрэг үйлдлээр буруутгаж байгаа.
Насанд хүрээгүй хоёр хүүхэд хүний амь хөнөөж, цогцсыг нь шатаасан хэргийг шүүнэ
Хотын гудамжаар машинтай салхи татуулан давхих хүсэлдээ хөтлөгдсөн 16 настай хоёр хүү 20 настай эмэгтэйг хоолойг боож хөнөөж улмаар цогсыг нь шатаасан ноцтой хэрэг гарч олныг цочирдуулсан. Уг хэргийг үйлдсэн У, Г нар УМБГ-т мэдүүлэг өгөх явцдаа талийгаачийн цогцсыг хаана булсан, хүний амь хөнөөх болсон шалтгаанаа хэлсэн байна. Хохирогч Б нь У,Г нартай найз нөхдийн харилцаатай байжээ. Хэрэгтнүүд түүнийг хөнөөн, цогцсыг нь Шархадны гэр хорооллоос цааш байдаг Цагаан давааны жалганд шатааж, булсан байжээ.
Талийгаачийг хөнөөгөөд дараа нь шатаасан нь Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр батлагдсан байна. Тухайн үед хэрэг үйлдсэн Г, У нарыг замын цагдаагийн ажилтнууд автомашин жолоодон хотын хөдөлгөөнд оролцож байхад нь саатуулан УМБГ-т шилжүүлэн өгчээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.15-т зааснаар буюу шунахай сэдэлтээр, уулгалан довтлох, дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж буй. Уг хэргийн анхан шатны шүүх хурал маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд хаалттай болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ