
Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад Туркийн Станбул хотноо Монголын шатарчдын үсрэнгүй амжилтаар өндөрлөв. Эрэмбээрээ 21 дүгээрт тэмцээнийг эхлүүлсэн эмэгтэй баг маань өндөр амжилтыг үзүүлэн 127 орны дундаас 13 дугаар байрт жагссан, их мастер Б.Мөнгөнтуул нэгдүгээр ширээнд медаль зүүх шахсан бол эрэгтэй шатарчдын маань манлай-Өврийн хангайн 23 настай залуу Баярсайханы Гүндаваа Олон улсын их мастер (гроссмейстер) цолны болзол хангалаа.

Бүсгүйчүүд маань сүүлчийн хоёр тавилдаа дэлхийд тавдугаарт эрэмбэтэй АНУ-ын хүүхнүүдтэй 2:2 тэнцэн, Италийн багийг 3:1-ээр хожиж төгсгөлийг сайн хийсэн юм. Ялангуяа их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар энэ өргүүдэд маш сайн тоглож өөрсдөөсөө илүү чансаатныг ялсан билээ. Улмаар Б.Мөнгөнтуул нэгдүгээр ширээнд 9 өргөөс 7 оноо авч IV байрт, Т.Батчимэг хоёрдугаар ширээнд 10 өргөөс 6,5 оноогоор 15 дугаар, ФИДЕ-гийн мастер С.Отгонжаргал тавдугаар ширээнд 8 өргөөс 5,5 оноо авч 10 дугаар байрт шалгарчээ. Мөн олон улсын мастер Д.Янжиндулам 10 өргөөс 5,5, Б.Анхчимэг 7 өргөөс 3,5 оноо авлаа.
Монголын эмэгтэй баг бүхэлдээ 11 тойрогт 7 хожил, 1 тэнцээ, 3 хожигдлоор 15 оноо авч 13 дугаар байр эзэлсэн бөгөөд ОХУ, БНХАУ, Украины багууд эмэгтэйчүүдийн ангилалд эхний гурван байрт шалгарчээ.
Харин эрэгтэй 150 багаас Армен, ОХУ, Украины шатарчид тэргүүн байр эзэлж, 56 дахь чансаагаар тэмцээнийг эхлүүлсэн Монголын баг 6 хожил, 1 тэнцээ, 4 хожигдлоор 13 оноо авч 46 дугаар байр эзэлсэн юм. Манай баг сүүлчийн хоёр тойрогт Иракийг 4:0, Катарыг 3:1-ээр ялж мөн сайхан төгсгөл хийжээ. Монгол Улсаас төрж буй шатрын зургаадахь (эрэгтэйчүүдээс дөрөвдэх) их мастер Б.Гүндаваа энэхүү олимпиадын туршид 9 өрөг тоглосноос 5,5 оноо авч их мастер цолны болзол хангалаа. Түүний цолыг Олон улсын шатрын холбооноос Х.1-нд албан ёсоор зарлах ажээ. Түүнчлэн тэрээр чансаагаа 10,9 пунктээр өсгөн 2530-д хүргэж байгаа юм. Бусад гишүүдийн хувьд их мастер Д.Шаравдорж 10 өргөөс 6, их мастер Ц.Батчулуун 10 өргөөс 7, ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал 9 өргөөс 4,5, ФИДЕ-гийн мастер М.Гүнбаяр 6 өргөөс 3 оноо тус тус авчээ.
Монголчууд Дэлхийн шатрын олимпиадад 1956 оноос хойш оролцох болсон бөгөөд 1960 онд Гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн ширээнээсээ алтан медаль, 1964 болон 1970 онд олон улсын мастер Т.Үйтүмэн алт, мөнгөн медаль, 2000,2002 онд ФИДЕ-гийн мастер З.Бямбаа мөнгө, хүрэл медаль, харин 2004 онд Б.Хатанбаатар, Ц.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ. Манай шатарчид Дэлхийн шатрын олимпиадад 20 удаа оролцохдоо 1970 онд 60 орны эрчүүдээс 16-р байр, 1990 онд 64 орны эмэгтэйчүүдээс 12-рт шалгарч байсан удаатай.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ