
Францын жуулчдын бүс болох Аннеси нуурын ойролцоо английн иргэншилтэй Ирак гэр бүлийн хос, тэдний хадам эх хэмээн таамаглаж буй Швед паспорттой эмэгтэй, мөн Францын дугуйчин гэсэн дөрвөн хүн буудуулж амиа алдсан хэрэг пүрэв гаригт гарсан билээ.
Эцэг эх нь алагдсан 7 настай Зайнаб аль-Хилли охин хүнд шархадсан бөгөөд саяхан комоос гарсан байна. Гэхдээ охинд тайвшруулах эм өгч байгаа хэвээр, дахин хэдэн өдөртөө түүнээс мэдүүлэг авах боломжгүйг францын прокурор Эрик Майлю хэлсэн юм.
Хэргийн гэрч гэж үзэж байгаа охиноос ямартай ч илүү мэдээлэл авч болно гэж цагдаа нар итгэж байна.
Мөн охины дүү, 4 настай Зина ээжийнхээ хөлний ард нуугдан амьд гарсан юм. Охин бэртээгүй бөгөөд түүнийг Их Британи руу буцаан, нийгмийн халамжийнхан асарч байна.
Охиноос мэдүүлэг авсан, гэхдээ “юу ч хараагүй” учир дахин нэмж юм асуух шаардлагагүй хэмээн прокурор Майлю хэллээ.
Цагдаа нар тус гэр бүлийн Англи дахь гэрийг шалгаж, хэргийн сэжүүр болох зүйл хайсан юм. Мөн хэргийн шалтгаан санхүүгийн маргаан байсан байж магадгүй хэмээн алагдсан гэрийн эзний ахаас мэдүүлэг авсан ч тийм зүйл байгаагүй гэсэн байна. Франц, Их Британийн цагдаа нар хэрэг дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд Итали, Шведийн хүчнээс мөн тусламж хүсчээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ