
Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлж, өвөрмөц шийдэлтэй ховорхон загваруудаар олныг гайхуулж чадсан дизайнер бол Н.Соёлмаа. Хэлье гэснээ хэнээс нуух дургүй, шударга нь дэндсэн гэмээр эгэл зантай энэ эмэгтэйн үзэл бодлоос цухас ч болов, хүргэхээр шийдлээ.
-Таны салоны орлого хэр байдаг бол?
-За даа, дундуур. Гэхдээ би сэтгэл хангалуун байдаг. Хүмүүс эрүүл мэнд, амь нас, хамаг юмаа хаяад мөнгөний төлөө улайрчихдаг. Аймаар сонин. Унтаж амардаг ч юмуу, бүү мэд. Хэдэн халтар төгрөгний төлөө тэгэх хэрэггүй л байхгүй юу. Хүнд их юмны хэрэг ерөөсөө байхгүй. Энэ хорвоогийн бүх хог новшийг цуглуулна гэвэл бидний нас ч хүрэлцэхгүй.
-Яагаад халтар төгрөг гэж. Мөнгө хэрэгтэй шүү дээ?
-Би нэг л зүйлийг сайтар ойлгосон. Нэг удаа би Шриланк улсад очсон юм. Манайх шиг л ядуу орон байсан. Урьд нь эх оронтойгоо адил ядуу орон үзэж байсан биш. Тэгсэн чинь манайхтай юу нь адилхан байсан гээч. Машинтай хүмүүс нь явган зорчигчиддоо хэзээ ч зам тавьж өгдөггүй. Нөгөөдүүл нь нүдээ бүлтийлгэчихээд машины урдуур зүтгээд байдаг. Нүднийх нь урдуур амьдрал нь жирэлзээд л өнгөрдөг биз. Тиймээс би явган зорчигчдодоо хандаж хэлэхэд, гарцаараа гарч байвал тайван алх, битгий бүлтэлзээд зогсоод бай. Гарцаар гарч байгаа хүнийг дайрав л гэж. Дайрахгүй за юу. Бас нэг адилхан зүйл нь тэндхийн мөнгө нь хав халтар. Би бүр сэжиглээд барьж ч чадахгүй гээд л бодчих. Хүрээд ирсэн чинь манай мөнгө яг адилхан байдаг байгаа. Ялангуяа таван мянгатууд нь ямар халтар гэж санана. Заримдаа халтар мөнгө харахаас дургүй хүрээд бушуухан шиг хэрэгтэй зүйлээ авчихдаг. Эсвэл доллар болгочихдог байхгүй юу. Нуугаад яахав, би монгол мөнгөнөөсөө сэжиглэдэг. Ер нь, Соёлмаа гэдэг хүн хэлэх гэснээ хэлж байж л кайф авдаг.
-Загварын охидыг нэлээд “чангалдаг” гэлцдэг нь ч оргүй зүйл биш бололтой?
-Ур ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулан байж бүтээсэн хувцсыг минь өөрийн юм шиг хайрлах ёстой. Тайлж шидчихээд дараагийн хувцас руу гүйдэг охид бий. Тэднийг бүр алгадаж ч явлаа. Яадаг юм бэ, би хурц ширүүн зантай. Тэглээ гээд муу юм байхгүй. Монголын хүүхнүүд даруу төлөв. Би ганцаараа галзуу юм байгаа биз. Яахав дээ. Гоёвол гоёчихоод л, аль эсвэл сэгсийсэн бол сэгсийчихээд л явж байдаг хэнэггүй хүн. Би худлаа дүр эсгэж жүжиглэж амьдарч чадахгүй. Аймаар ядарна биз дээ.
-Таны бүтээсэн гайхамшигтай загварууд үнэхээр дахин давтагдашгүй байдаг нь юутай холбоотой юм бол?
-Хоосон агаараас мундаг загварын санаа төрнө гэж хэзээ ч байхгүй. Байгаль, цэцэг, навч, эрвээхэй, хорхой шавьж, хэдэн мянган жил уламжилж ирсэн үндэсний хувцаснаас шинэ, шинэлэг санаа төрдөг юм. Манайх шиг хэдэн мянган жилийн түүхтэй үндэсний хувцастай улс дэлхийд ховор шүү. Хятад юутай ч юм, япончууд кимонотой л юм байгаа биз. Оросууд цагаан цамц, банзалтай. Нөгөөдөх дээрээ үсрээд л цэцэг навч оёчихно. Африкийг яриад ч хэрэггүй. Дэрсээр биеэ ороочихсон улс. Гэтэл монгол үндэсний хувцас үнэхээр гайхамшигтай.
-Та нэг хэсэг телевизийн нэвтрүүлэг хөтөлж байсан. Яагаад больчихсон юм бэ?
-“Амьдрал аа, гэж” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан. Уг нь анх энэ нэвтрүүлгээр зөвхөн амьдралын тухай ярина гэж тохиролцсон байхгүй юу. Гэтэл сүүлдээ бүр улстөржөөд эхэлсэн. Би ямар мэргэжлийн сэтгүүлч биш. Тийм юм яриад суудаг хэн юм бэ. Жирийн л амьдралаа яривал ярина. Улс төр, нийгэм, энэ тэр нь надад огтхон ч хамаагүй. Тэгж ярьж чадахгүй ээ, би. Бүр сурах ч үгүй юм билээ. Үүнээс болоод нэвтрүүлгээ хөтлөхөө больсон. Тэгээд ч байнга амьдрал ярьсаар байгаад уйдчихсан гэх үү дээ. Амьдрал гэхээр л бөөн философи руу яваад орчихно. Амьдралын тухай бодох ч дургүй.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ