
УИХ-ын гишүүн, Амлалт нэхэх ард түмний холбооны Eрөнхий зохицуулагч Г.Уянга, УИХ-ын гишүүн Д.Батцогт, тус холбооны орон нутгийн удирдлагууд өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус холбооны төлөөлөгчдийн өгч буй мэдээллээр саяхан “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны Удирдах зөвлөлийн хуралдаанаар болж өндөрлөжээ. Хуралдаанаар холбооныхоо нэрийг “Ард түмний холбоо” болгон өөрчилсөн байна.
Түүнчлэн тус хуралдаанд оролцогчид “Ерөөлийн ес” нь саналыг боловсруулж Засгийн газрын тэргүүнд хүргүүлсэн байна.
Үүнд нэгдүгээрт, Монголын баялгыг гаднынханд хяналтгүй цөлмөх бололцоог олгосон Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харж хоёр тал харилцан ашигтай байхаар өөрчлөн шинэчилж монгол хүн баялагтаа эзэн суух бололцоог хууль эрхзүйн хүрээнд бий болгох.
Хоёрдугаарт, Монгол орны байгалийн баялаг болсон хангайн бүсэд ашигт малтмал олборлохыг хуулиар хориглож байгалийн унаган төрхийг хэвээр нь хадгалан аялал жуучлалын бүс болгон хөгжүүлэх.
Гуравдугаарт, Засгийн бүх эрх ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуульд туссан ардчилалын цөм үзэл санааг амьдралд хэрэгжүүлж, иргэд зөвхөн дарга сонгох хэлбэрээр төрийн үйл ажиллагаанд шууд оролцдог байх бололцоог хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийх.
Дөрөвдүгээрт, Өрх гэрийг төрийн хамгийн нандин нэгж гэж үзэн төрийн бүх бодлогыг өрх гэр рүү хандуулан, өрхийн тэргүүнийг дэмжиж, эхний ээлжинд өрхийн тэргүүн болгоныг ажлын байраар хангах, орлоготой байлгах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажиллах зэрэг есөн саналыг өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн аж.
Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Амлалт нэхэх ард түмний холбоо Монголын ардчилсан холбооны дараа иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан иргэний хөдөлгөөн. Монгол орны 330 гаруй сумын 260 гаруйд нь салбар нэгжээ байгуулсан. Монголын олон түмний дэмжлэг, итгэл найдварыг хүлээсэн иргэний хөдөлгөөн юм.
Манай хөдөлгөөний хамгийн их үр дүнд хүрсэн ажил бол өнгөрөгч жилүүдэд Монголын улс төрчдийн соёлд нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл сонгуулиар иргэдэд мөнгө амладаг байдлыг зогсоосон. Тиймээс өнгөрөгч 2012 оны сонгуулиар нэр дэвшигчид сонгогчдод мөнгө амлаагүй. Иргэд ч сонголтоо хийж чаддаг болсон” гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Батцогт холбоонхоо нэрийг өөрчилсөн, Удирдах зөвлөлийн хуралдаанаараа монголын олон арван мянган жирийн иргэдийн нийтлэг эрх ашигт үндэслэн “Ерөөлийн ес” саналыг боловсруулсан. Ингэснээр төр засагт жирийн ард түмний санал хүсэлт хүрч байгааг онцоллоо. Уг хэвлэлийн хуралд Хөвсгөл, Дорнод, Увс, Завхан, Хэнтий аймгийн “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн нар хүрэлцэн ирж оролцлоо.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ