
ОХУ-ын Владивосток хотод болсон Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцогчид дүнгийн тунхаглал гаргаж, авлигатай тэмцэх, улсын санхүүгийн системийг бэхжүүлэх, экспортын шинэ хязгаэарлалт тогтоохоос түдгэлзэх, экологийн цэвэр барааны жагсаалтыг гаргах тухай дурджээ. Тухайлбал, авлигын хэрэг зөрчлийг мөрдөн шалгаж, гэм буруутай этгээдүүдийг хариуцлагад татаж, авлигач түшмэдийн гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны орлогоос авах боломжгүй болгож, эдийн засгийнхаа ил тод байдал, хариуцлагын зарчмыг хангахад бэлэн байгаагаа АТЭС-ийн орнуудын удирдагчид онцлон тэмдэглэжээ.
Татвар болон төсвийн асуудалд хүн амын хөгшрөлттой холбоотой зардлыг харгалзан үзэх шаардлагатайг тунхаглалд бас тэмдэглэсэн байна. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Игоргь Шувалов дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийсэн хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, тус орны эрх баригчид тэтгэврийн хуримтлалын хэсгийг цуцлахгүй гэдгийг амлажээ. Үүнээс гадна дээд хэмжээний уулзалтад оролцогчид экспортын шинэ хязгаарлалт тогтоохоос түдгэлзэж, гаалиар хавчих үйлдлээс татгалзаж, түүнчлэн 2035 он гэхэд оролцогч орнуудын эдийн засгийн нийт эрчим хүчний багтаамжийг 2005 оныхоос 45 хувиар бууруулах төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсон байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дээд хэмжээний уулзалтын дүнд сэтгэл дүүрэн байгаагаа мэдэгдээд, арга хэмжээнд бэлтгэх бүх зардал үндэслэлтэй байсныг дурджээ. Хэвлэлийн мэдээнээс үзвэл, дээд хэмжээний уулзалт хийлгэхэд 6,3 тэрбум рубль зарцуулсан байна. Оросын нутагт анх удаа болсон АТЭС-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээний арга хэмжээ есдүгээр сарын 2-9-нд Русский аралд зохиогдож, хаалтын арга хэмжээ есдүгээр сарын 8-нд болжээ. АТЭС-ийн дараачийн дээд хэмжээний уулзалт 2013 онд Индонез улсад болно.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ