Хэнтий аймгийн Тэмүжин цогцолбор сургуулийн 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус сургуулийн захирал М.Золзаяатай ярилцлаа.
-Сургуулийнхаа түүхэн замналаас ярина уу?
-Хэнтий аймгийн Тэмүжин цогцолбор сургууль анх 1962 онд “Хэнтий аймгийн үлгэр жишээ сургууль” нэртэйгээр байгуулагдсан. Тухайн үед 50 гаруй суралцагчтай дөрөвдүгээр ангийн хоёр бүлэг нээж, 11-р сард хичээлээ эхэлж байсан. 1972 оноос найман жилийн сургууль болж анхныхаа суурь боловсрол эзэмшсэн төгсөгчдийг төгсгөж байсан. Өнгөрөгч 1995 оноос 10 жилийн сургууль болж өргөжин тэлсэн. 1997 онд анхны 10 жилийн сурагчдыг төгсгөсөн. 2002 онд Хэнтий аймгийн Тэмүжин цогцолбор сургууль болж өргөжин тэлсэн түүхтэй. Өнгөрөгч 50 жилийн хугацаанд боловсролын салбарт хийгдэж байгаа бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу дөрвөн үеийг туулсан сургууль.
Өнөөдөр Тэмүжин цогцолбор сургуульд 1-11-р ангийн 55 бүлэгт 1500 гаруй сурагч суралцаж байна. Эдгээр хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхээр мэргэжилийн 80 гаруй багш нар, үйлчилгээний 30 гаруй ажилтан ажилладаг. Манай сургууль Хэнтий аймгийн Хэрлэн сумын төдийгүй тойргийн сумдын суралцагчдад бүрэн дунд боловсрол эзэмшүүлж байна. 1997 оноос математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг тухайн үеийн гэгээрлийн сайдын тушаалыг үндэслэн зөвшөөрлийг авч хэрэгжүүлэн өнөөдрийг хүрлээ.
-Танай сургуулийн зорилго юу вэ?
-Бүрэн дунд боловсролыг эзэмшүүлж байгаа сургуулийн хувьд бид 50 жилийн нүүр үзсэн боловч харьцангуй залуу хамт олон гэж өөрсдийгөө дүгнэдэг. Яагаад гэвэл бид 97 оноос хойш цөөхөн төгсөлт гаргаж байгаа. Манай аймгийн төв дээр Монгол Улсын ууган сургууль байдаг. Энэ олон жилийн түүхтэй сургуулиудын хажууд залуу хамт олон. Гэхдээ биднийг ирлэж хурцалж байдаг үе үеийн сургууль хамт олонтой мөр зэрэгцэн өсвөр хойч үеийг боловсрол эзэмшүүлэх, зөв хүн болон төлөвшүүлэх ард түмнээ соён гэгээрүүлэх ажилд хамт олноороо сэтгэл нэгтэй ажилладаг. Манай сургуулийн эрхэм зорилго бол ардчилсан нийгмийн тасралтгүй хувьсан өөрчлөгдөх явцад өөртөө тохиолдож болох аливаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай охид хөвгүүдийг төлөвшүүлэх юм. Бид алсын хараагаа “Тэмүжин цогцолбор сургууль хайраар гэрэлтэх аз жаргалын өлгий” гэж тодорхойлсон.
Хүүхэд нас хүний хамгийн аз жаргалтай үе байх ёстой. Хүүхэд насаа хүн ихэнхийг нь үе тэнгийнхнийхээ дунд сургууль дээрээ өнгөрөөж байдаг. Хүүхэд хайраар дутах ёсгүй учир тэдэнд тэгш хандах зорилгоор алсын хараагаа тодорхойлсон. Манай багш нар өөрийн гэсэн уриатай. Тэр нь “Биднийг хамгаас эрхэм хүн хэмээн хүндэтгэдэг шавь нартаа өглөө бүр яаран тэмүүлж, оюун мэдлэг, хайр ухаарлыг бэлэглэж бүтээмж арвин хөдөлмөрч зүтгэлээр өдрийг үдэж, орой бүр гэр бүлдээ аз жаргалыг өвөрлөн харьцгаая”.
-Хамт олныхоо амжилтаас хуваалцаач?
-Өнөөдөр манай багш нарын дунд Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй 36 багш, хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан таван багш, алтан гадас одонтой хоёр багш ажиллаж байна. Энэ нь манай хамт олны ажил үйлсийг төр засаг, боловсролын салбар өндрөөр үнэлсний нэг тод жишээ гэж бодож байна.
Бид аливаад манлайлагч байхыг эрхэмлэдэг. Тэр ч утгаараа аймгийнхаа боловсролын салбарт анхдагч байхыг хичээж ажиллаж байна. Хэд хэдэн зүйлд аймгийнхаа боловсролын салбарт анхдагч байж чадаж байгаа. Тухайлбал бид аймгийнхаа хамгийн анхны цогцолбор сургууль, Хэнтий аймагт Японы засгийн газраас хэрэгжүүлж байгаа өвсний үндэс төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлж өөрсдийн барилагын их засварыг хийж гүйцэтгэсэн сургууль. Боловсролын яамнаас Монгол Улсын шилдэг менежменттэй топ 20 сургуулийг 2004 оноос эхлэн шалгаруулж эхлэхэд хамгийн анхны топ 20 сургуулийн нэгээр шалгарч байсан. Монголын радиогийн хамтдаа хөгжье төсөл Монгол орны дөрвөн аймагт анх хэрэгжихэд төслийг хэрэгжүүлэгч дөрвөн сургуулийн нэгээр сонгогдож байсан. Өнөөдрийг хүртэл манай хүүхдүүд өглөө бүр эх орон даяар үе тэнгийнхэн, эмээ өвөө, ээж аавуудтайгаа өөрсдийн аймаг, сургууль дээр болж байгаа шинэ сонин мэдээллүүдээр дуу хоолойгоо хүргэж байгаагаараа анхдагчид юм. 2008 онд БСШУЯ-аас улсын хэмжээгээр нийт 30 сургуулийг сурагчдын авьяас чадварыг амжилттай сайн хөгжүүлэх чиглэлээр тууштай ажилласан шилдэг 30 сургууль шалгаруулахад тэдний нэгдүгээрт багтсан.
-Төгсөгчид болон сурагчдын тухайд?
-Манай сургуулийн сурагчид оюунлаг, авьяаслаг, ухаалаг хүүхдүүд гэж бид шавь нараараа бахархдаг. Манай сургуулийн төгсөгчдийн дундаас боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд гээд бүх л салбарт манлайлагчид байдагт бид бахархаж байдаг. УИХ-ын гишүүн Н.Ганбямба, анагаах ухааны доктор Р.Ажнай, яруу найрагч Б.Галсансүх, дуучин С.Бичүү, улсын начин Б.Одхүү, Монгол Улсын сагсан бөмбөг, цанын спортын мастер М.Дашпүрэв, сумо Б.Энхбат зэрэг шавь нар маань үе үеийн төгсөгчдийн бахархал болж тэдэнд өөрсдийгөө хөгжүүлэх урам зориг өгдөг.
-Ойн баяраа хэрхэн тэмдэглэх вэ?
-Бид 50 жилийн ойгоо энэ сарын 28-29-ий өдрүүдэд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо тэмдэглэнэ. Ер нь 50 жилийн хугацаанд энэ сургуулийн түүхэнд нийт 400 орчим багш, ажилчид ажилласан байна. Эдгээр хүмүүс маань ирэх байх, бид урилга илгээж байгаа. 1962 онд байгуулагдсан цагаасаа хойш давхардсан тоогоор бага суурь бүрэн дунд боловсролыг долоон мянга гаруй суралцагч эзэмшиж төгссөн. Энэ хүмүүстээ бид урилга илгээж байгаа.
Тэдний хамт одоо сурч, өнөөдөр ажиллаж байгаа хамт олонтойгоо Өндөрхаан хотод хоёр өдөр тэмдэглэнэ. Сургуулийн тулгын чулууг тавилцсан ахмад багш Д.Цэвэгмид, Д.Бадамцэрэн, Д.Дэнсмаа, Дамдиндорлиг, Дуламжав нар бид бүхэнтэй холбоотой байдаг. Тэдэнд 50 жилийн ойн баярыг тусгайлан хүргэе. Үе үеийн ахмад буурлууд, багш ажилчид, сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчдийг ойн баярынхаа үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
-Сургалтын чанартаа хэрхэн анхаардаг вэ. Сурагчдыг хөгжүүлэх ямар дугуйлан секц хичээллүүлж байна?
-2002 онд цогцолбор сургууль болж өргөжсөн нь бүтцийн хувьд хийсэн нэг том өөрчлөлт. Яагаад гэвэл орон тоог цомохтгох, төсөв санхүүг хэмнэх, сургалтыг удирдлагаар хангах менежментийг чиглэл чиглэлд нь тодорхой болгосон. Энэ утгаараа мэргэжлийн хичээлүүдийн сургалтын үр дүнд нэлээд сайнаар нөлөөлсөн гэж аймаг орон нутгийн удирдлагууд, хамт олон, эцэг эхчүүд хүлээн зөвшөөрдөг. Цогцолбор сургууль болж өргөжснөөс хойш манай сургуулийг сонгож байгаа хүүхдүүд, хамтрагч эцэг эхчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр 28 нэр төрлийн дугуйланд, давхардсан тоогоор 900 гаруй суралцагч тогтмол хичээллэдэг. Урлаг уран сайхан, спорт биеийн тамир болон мэргэжилийн хичээлээр төрөлжсөн дугуйлангууд хичээллэж байна. Үүний үр дүнд төрөлжсөн олимпиадуудад сурагчид маань амжилттай сайн оролцдог. Тухайлбал 2011 онд аймгийн төрөлжсөн олимпиадын цомын эзэн сургуулиар шалгарсан. Манай сургуульд улсын олимпиадын аварга багш долоо, улсын олимпиадын аварга сурагч дөрөв байна. Энэ нь бидний томоохон амжилт.
Ч.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ