Актын хэрэгжилтэд хяналт тавив

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны тавдугаар сард хийсэн нэгдсэн шалгалтын үеэр “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн Тосон-Уул ХIХ талбайн үйлдвэрлэлийн баазаас Бичигт боомт чиглэлийн автозамд шалгалт хийн, тус замаар тээвэрлэлт хийхийг нь улсын байцаагчийн актаар зогсоожээ. Актын хэрэгжилтийн байдалд Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид үзлэг шалгалт хийсэн байна. Дээрх замыг хоёр компани хуваан засч байгаа бөгөөд “Хийморийн их зам” ХХК 74 км замд засвар арчлалтын ажлыг 2012 оны 06 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна. Ажлын чанар байдлыг шалгахад эхний 40 км замын засвар норм, дүрэм, стандарт, технологийн дагуу хийгдсэн. Үлдсэн 34 км замын дэржигнүүр бүрэн арилаагүй, ховил, нүх үүссэн байжээ. Замын далан, эргэлтийн хэсгүүдэд хийгдсэн анхааруулах болон километрийн тэмдэг хазайсан, унасан байжээ. Үлдсэн хэсгийн 65 км замын засварын ажлыг хийх ёстой “Ялгуусан” ХХК ажлаа хийгээгүй байсан байна. Засвар хийсэн замаас хажуу тийш олон газраар орц гарц гаргаж 20-50 см хүртэл гүн ховил үүсгэж газрын төлөв байдал, газрын ургамлын бүрхэвч талхлагдаж, хөрс элэгдэл үүссэн зэрэг зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, уг замыг дахин засварлах, засварлаагүй үлдсэн замд гэрээ хийж гүйцэтгүүлэх, Баянхошууны хатуу хучилттай замын ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг өгсөн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ