
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайханд халдсан үйл явдал олны анхаарлын төвд байсаар байна. Тухайн үйл явдалын дараа эрхэм гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Хуулийн байгууллага У.Хүрэлсүхийг шалгах тухай сураг сонсогдож эхэлсэнд тэрээр хэвлэлээр ярилцлага өгч, дуу нь чангарч эхэллээ.
Сүүлийн үед үндэсний өдөр тутмын сонинд ээлж дараалан ярилцлага өгсөн харагдав. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Юуны өмнө тэр болсон үйл явдалд Монголын нийт ард түмнээсээ хүлцэл өчье. Хэдийгээр миний зөв байсан ч хүлцэл өчих ёстой. Одоогоор шүүхээс зарлан дуудах хуудас ирээгүй байна” гэжээ.
Тэрээр өөрийгөө Г.Баярсайханы биед халдсан үйлдэлдээ буруугүй хэмээн тодотгожээ. УИХ-ын халдашгүй дархан эрхэд халдсан мөртлөө өөрийгөө ямар ч буруугүй хэмээн мэдэгдэж буй түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг ч ярих ёстой гэж иргэд үзэж буй юм. Г.Баярсайханы хувьд энэ асуудлыг хуулийн байгууллага өөрсдөө анхаарал хандуулах байх гэсэнээс өөр мэдэгдэл хийгээгүй.
УИХ-ын бүрэн эрхэдээ халдуулсан Г.Баярсайхан гишүүнийг хэвлэлд хандаж, гомдол мэдүүлээгүй атал гэмт үйлдэл хийсэн У.Хүрэлсүх ийнхүү хэвлэлээр “дайтаж” эхэлсэнд гайхах хүн цөөнгүй байгаа юм. Түүнийг хуулийг байгууллагаас шалгахаар болсонд ийнхүү “Арьсаа хамгаалж байна” хэмээн шүүмжлэх хүн бий. У.Хүрэлсүхийг Улсын мөрдөн байцаах газар, Прокурорын байгууллага хамтран шалгах мэдээлэл ч байна. Байсхийгээд л зодоон цохион хийчих гээд байдаг мань эрийг хуулийн байгууллага хэрхэх нь анхаарал татаж буй юм.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ