
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ-ын бусад гишүүд оролцлоо. Энэ үеэр хэлмэгдэсдийн ар гэрийнхэн болон албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
Д.Оюун: Аав маань улс эх орныхоо төлөө их зүйл хийх байсан.
-Миний аав Г.Дамба гэж бүх цэргийн нэгдүгээр орлогч жанжин хүн байсан. 1939 онд гэрээс нь баривчилж авч яваад 1941 онд Москвад аваачиж, цаазаар авсан. Ингээд зогсохгүй манай гэрийн бүх эд хогшлыг хураан авч биднийг гудмжинд гаргаж ээжийг минь эсэргүүний гэр бүлийн хүн гээд бусдаас тусгаарлаж байсан. 1962 онд аавыг маань цагаатгасан. Тэр үед л ээж аавыг байхгүй болсныг мэдсэн.
Төр засгаас бидэнд нэг сая төгрөг л өгсөн. Өөрөөр тусалж байсангүй. Аав минь амьд сэрүүн байсан бол улс эх орныхоо төлөө их зүйл хийж бүтээх байсан даа. Дөнгөж 41 насандаа цаазлагдсан.
Д.Гомбосүрэн: Эсэргүүний хүүхэд гээд сургуульд оруулаагүй.
-Миний аав В.Дарам гэдэг хүн байсан. Завхан аймагт амьдарч байхад нь 1938 онд баривчилсан. Тэр үед би ээжтэйгээ хамт өнчирч хоцорсон. Намайг эсэргүүний хүүхэд гээд сургуульд суулгадаггүй байсан. Сүүлдээ ажил алба хийгээд, оройгоор долдугаар анги төгссөн. Ардчиллын буянаар цагаатгагдаж сая төгрөг өгснөөр нь төрсөн нутагт нь суварга босгосон. Одоо би 80 дөхөж байна. Төр засаг ар гэрийнхнийг нь харж үзмээр байна. Орон сууцаар хангана гэж хууль гаргасан юм. Гэвч үүнд нь сүүлд хөнгөн хэлмэгдсэн хүмүүс хамрагдаад байгаа юм. Одоо шинэ засаг энэ асуудлыг нэг тийш нь цэгцэлж арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар: Зөвхөн хүмүүс биш түүх соёл ч хэлмэгдсэн.
-Монголын түүхэнд улс төрийн хэлмэгдүүлэлт 1920-оод оноос эхэлсэн. 1922-1940-өөд оны үеийн хэлмэгдүүлэлт хамгийн оргил үе байсан. 1937-1941 оны хооронд их баривчилгаа эхэлсэн байдаг. 1937 оны 09-р сарын 10-д анхны баривчилгаа эхэлсэн. Энэ нь Монголын улс төрийн түүхэнд хар толбо болж үлдсэн. Зөвхөн хүмүүсийг хэлмэгдүүлээд зогсоогүй түүх соёл ч хэлмэгдсэн. Бидний хэрэглэж байгаа уйгаржин бичгийг 1945 онд намын төв хорооны тогтоолоор Орос бичигт шилжүүлнэ гэж өөрчилсөн. Түүх соёл, хэл бичиг нь ч өөрчилсөн учир энэ их том асуудал. Иймээс хэсэг хүмүүсийн асуудал мэтээр хүлээж авч болохгүй. 1940-1955 оны үед сэхээтнүүдийг баривчилж байсан. Монголын нийгмийг шинэчлэе, хөгжлийн явц удаан байна гэж шүүмжилсэн сэхээтнүүдээ хэлмэгдүүлсэн. 1955-1990 оны үед үзэл бодлоор нь хавчиж, албан тушаалаас нь огцруулж, цөлж байсан. Оюунлаг хүмүүсээ хэлмэгдүүлсэн учир манай улс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас зуун жилээр хоцорсон. Хүнээ хөгжүүлж байж л улс орон хөгжинө гэдгийг энэ явдал харуулж байна.
Ч.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ