УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг гүтгэсэн гэв
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сая Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, зарим мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед зохион байгуулалтайгаар гүтгэх хандлага гарч байна гэсэн мэдээллийг өглөө.
Тухайлбал, “Өнөөдрийн тойм” сонины дугаарт “УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 100 саяыг зувчуулсан” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байна. Эрхэм гишүүн тайлбарлахдаа гишүүний багцын тэрбум төгрөгөөс 500 саяыг нь Завхан аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор зарцуулжээ. Тодруулбал, уг төслийн хүрээнд 500 саяыг 108 аж ахуйн нэгжид олгосон юм байна.
Төслийн сонгон шалгаруулалтыг ч хэвлэлээр зарлан явуулсан аж. Гэтэл өнгөрөгч сонгуулийн сурталчилгааны үеэр Д.Оюунхорол гишүүнийг 500 сая төгрөгийг шамшигдуулсан хэмээн мэдээлэл цацагдаж байжээ.
Энэ дагуу холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж гэм буруугүй болохыг тогтоосон байна. Гэтэл зарим сайт, сонин сүүлийн үед мөнгө зувчуулсан хэмээн ор үндэслэлгүй мэдээлэл цацаж буйг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол эрс буруутгаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр өнгөрөгч хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэн бөгөөд ямар нэгэн мэтгэлцээн, муудалцах зүйл гаргаж байгаагүй гэдгээ дуулгалаа.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ