
Энэтхэгийн шог зураач Асим Триведи өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Мумбай хотод Энэтхэгийн үндсэн хууль, үндэсний далбааг доромжилсон хэргээр баривчлагдаж, үймээн самуун дэгдээсэн хэмээн буруутгагдаж ням гариг хүртэл хориход байжээ. Тэрээр Анна Хазарегийн удирдсан хахуулийн эсрэг аянд нэгдэн шог зургууд гаргах болсон юм.
Энэтхэгийн хэвлэл мэдээлэл болон нэр хүндтэй хүмүүс ноён Триведигийн баривчилгааг буруушаасаар байна.
Шог зураач ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй, харин ч түүнийг баривчилсан нь хууль бус хэрэг гэдгийг Дээд шүүхийн шүүгч асан, Энэтхэгийн Хэвлэлийн зөвлөлийн дарга Маркандэе Катжу “Хинду” сонинд ярьжээ. Тэрээр шог зураг хэрхэн гэмт хэрэгт тооцогдож болохыг гайхаж, улстөрчид шүүмжлэл хүлээн авч сурах хэрэгтэй гэсэн юм.
Мөн цагдаагийн дарга асан, хуульч Иогеш Пратап Сингх “Mint” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний сонссоноор Триведэд хамгийн муудаа үндэсний бахархлыг доромжилсон хэмээн яллаж болно. Харин үймээн самуун дэгдээсэн гэх мэт хүнд ялаар буруутгаж болохгүй, ийм ялын шийтгэл нь ч хүнд” гэсэн байна.
Хэрвээ буруутай нь нотлогдвол үймээн самуун өдөөсөн хэрэгтэнд гурван жилийн хорих ял оноож болдог ажээ.



Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ