Хууль бусаар барьж буй барилга хэдийнэ 10 давхар болжээ
Нийслэлд зөвшөөрөлгүй барилга барих явдал хэрээс хэтэрч, энэ байдал даамжирч бүрэн бус машин техник, тоног төхөөрөмж ашиглах, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны хууль дүрмийг зөрчих явдал хавтгайрлаа. Үүнээс үүдэн ойр ойрхон ноцтой осол гарсаар байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн шахаж шаардсанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барьж буй барилга угсралтын ажил эрхлэх үндсэн зөвшөөрөл (БУАЭҮЗ)-гүй 79 барилгын жагсаалтыг гаргасан. Эдгээр барилгын жагсаалтыг бид цувралаар хүргэж байгаа билээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа "Гацуурт"-ын Л.Чинбатын бариулж байгаа орон сууцны зоорьтой 12 давхар барилга. Энэхүү барилга нь барилга, угсралтын ажил эрхлэх үндсэн зөвшөөрөл аваагүй бөгөөд 10 дугаар давхрын төмөр бетон карказын ажил нь хийгдээд бараг дуусчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2011 оны наймдугаар сарын 31-нд 07-161/805тоот албан шаардлага гаргаж, Барилгын тухай хуулийн 16.6 дахь заалтын дагуу нэг сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.



Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ