
Монгол улсын Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Нийслэл Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар зэрэг байгууллага Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран “Монгол-Японы хот байгуулалтын салбарын семинар”-ыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Зам, тээврийн яам, Монгол дахь Япон улсын элчин сайдын Яам, Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (JICA), Хоккайдо муж болон Саппоро хотын захиргаа уг семинарыг дэмжин оролцох бөгөөд хоёр улсын орон нутгийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд мөн оролцох юм.
"Blue sky tower"-т болох уг семинар нь Монгол Улсын хот байгуулалтын салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, агаарын бохирдол, нийтийн тээвэр, автозамын түгжрэл зэрэг Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал бодлоо солилцох зорилготой. Мөн Япон улсаас Монгол улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Япон улсын хот байгуулалт, төлөвлөлтийн тэргүүн туршлага, техник технологи, ноу-хау-г ашиглах замаар Японы хувийн хэвшлийнхний Монгол дахь үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Тус семинарын салбарын хуралдаанаар “Нийтийн тээврийн гол шугамын дагуух орчныг хөгжүүлэх ба түүний үр өгөөж”, “Хүйтэн бүсийн нутагт зам тавих технологи”, “Байгаль орчинд ээлтэй нийтийн орон сууц барих бодлого” зэрэг Улаанбаатар хотод тулгамдсан, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай сэдвүүдээр Япон улсын төлөөлөгчид илтгэл тавьж, санал солилцоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ