
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн М.Энхболд мөрийн хөтөлбөртэй гишүүд бүрэн танилцаж амжаагүй байхад яаравчлан хэлэлцэж буйг шүүмжилсэн юм. Үүнд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “ Ажлын цаг өглөө 08.00 цагт эхэлж байгаа. Мөрийн хөтөлбөртэй танилцах хугацаа хангалттай бий. Асуудлыг яаравчлан шийдэхэд хойрго хандаж байгаа гишүүдийг хатуу шүүмжилмээр байна” гэсэн юм.
М.Энхболд гишүүн “Өмнөх Засгийн газрын үед та тэр үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж байх хугацаанд 250 мянган ажлын байр бий болгож байсан. Харин одоо танай Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр бий болгоно гэжээ. Хөдөлмөрийн яам шинээр байгуулчихаад дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгоно гэдэг чинь шинэчлэл үү, ухралт уу” гэж асуув.
Энэхүү асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бодит ажлын байр бий болгох зорилгоор 150 мянган ажлын байр бий болгоно гэж төлөвлөсөн. Ажлын байрны хувьд бид маргаж байгаад 150 мянга гэсэн тоо тавьсан. Энэ бол бодитой бий болгох ажлын байрны тоо юм. Та бидний хамтдаа гаргасан ажлын байрны тоо өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байгаа. Хэрвээ ажлын байр 250 мянгаар бодитой бий болсон бол ядуурал буурах байсан, харамсалтай нь ядуурал буураагүй” гэсэн харилтыг өглөө.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандан үйл ажиллагааны зорилт тодорхой бус байна. Тухайлбал, хэдэн цэцэрлэг сургууль нэмж барих вэ, дотоод бүтцийг ерөнхийд нь төлөвлөсөн нь бүрхэг байгааг хэллээ. Асуулт хариулт үргэлжилж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ