Улсын орлого болгох дараагийн барилга аль нь вэ
Улаанбаатар хотын Засаг дарга нийслэлийн хэмжээнд зөвшөөрөл аваагүй эхлүүлсэн барилгын ажлуудыг зогсоох шийдвэр гаргаад байгаа. Мөн дулаан, цахилгаан, цэвэр усаар хангахгүй байхыг холбогдох хүмүүст нь үүрэг болгосон.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барьж буй барилга угсралтын ажил эрхлэх үндсэн зөвшөөрөл (БУАЭҮЗ)-гүй 79 барилгын жагсаалт одоогоор гарсан. Эдгээр барилгын талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрлалтай оффис үйлчилгээний зоорьтой 12 давхар барилга. "Саруул шилтгээн" ХХК-ны захилгаар бариулж байгаа энэхүү барилгын гүйцэтгэгч байгууллага нь "Жугамт өргөө" ХХК, "Аганист" ХХК юм.
Энэхүү барилга нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай бөгөөд захиалагч нь Ерөнхий архитектортой зөвшилцсөн гэдэг ч барилга угсралтын ажил эрхлэх үндсэн зөвшөөрөл аваагүй байсан бөгөөд үндсэндээ төмөр бетон карказын ажлыг нь хийгээд аль хэдийнэ дууссан байна.




Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн захиалгат барилга
Бидний дараагийн онцолж байгаа барилга Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа СБД-ын цагдаагийн ажилчдын орон сууц. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс захиалан бариулж байгаа энэхүү барилгын ажлыг "Их Модун" ХХК гүйцэтгэхээр зэхэж байсан ч барилга угсралтын ажил эрхлэх үндсэн зөвшөөрөлгүй. 2012 оны наймдугаар сарын 07-нд шалгаж, есдүгээр сарын 03-ны өдрийг 87/336 тоот актаар барилгын ажлыг зогсоожээ.
НИТХ-ын Д.Баттулгын хэлж байгаагаар энэ мэт зөвшөөрөлгүй барьж байгаа, бариад дууссан барилгуудыг улсын орлого болгох юм уу өндөр торгууль ногдуулна гэж байгаа.




Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ