Г.Занданшатар Социнтерний ерөнхий нарийн бичгийн даргад ханджээ
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Социнтерний ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяалад хүсэлт гаргажээ. Түүнд Монгол Улсын Их Хуралд олонхийг бүрдүүлж буй нам, эвсэл манай орны ардчилсан 20 жилийн хөгжлийн баталгаа болсон Үндсэн хуулийг үл хүндэтгэж, хууль зөрчсөн алхмуудыг засаглалын үйл ажиллагаанд удаа дараа хийж буйд МАН сэтгэл нэн зовниж байна хэмээн албан ёсоор хандаж байна гэжээ. Цаашилбал УИХ-ын дарга,түүний бүтцийн байгууллагуудыг хууль зөрчин сонгож, парламент эхнээсээ хууль ёсыг уландаа гишгэж, улмаар энэ үйлдлээ зөвтгөн олон улсад сөрөг хүчнээ буруутгасан мэдээлэл цацаж байгаа учраас Социнтернийн бүрэн эрхт гишүүний хувьд үнэн зөв мэдээлэл,бодит байдлыг уламжлах нь зүйтэй гэж бид үзсэн юм.
АН-ын хууль бус ажиллагаа нийгэм болон олон улсад сөрөг хүчнийхээ талаар түгээж буй буруу ташаа мэдээллүүдийг засч залруулахыг МАН-ын олон мянган гишүүд шаардсан ч өнөөдрийг хүртэл хүн амын 40 гаруй хувийн саналыг авсан МАН-ыг үл тоомсорлон бүлэг байгуулах асуудлыг гацаасаар байна.
Бодит нөхцөл байдал ийм байхад дээр хэлсэнчлэн эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгт манай намын байр суурийг буруутгасан, гүтгэж гүжирдсэн ташаа мэдээллийг түгээсээр байна. Иймд эрхэм ерөнхий нарийн бичгийн дарга та бодит нөхцөл байдлыг Социнтернийн ах дүү намуудад өөрийн шугамаар тайлбарлаж үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсье гэжээ.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ