”Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг ”үзэглэнэ”

img

Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хоёр тал өнөөдөр 11 цагт Улаанбаатар хотод үзэглэх гэж байна. Хэлэлцээрийг үзэглэх зорилгоор Европын Комиссын Гадаад харилцааны Ерөнхий газрын Монголыг хариуцсан хэлтсийн дарга Франц Жессен тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.

Энэхүү хэлэлцээр нь хоёр талын харилцан сонирхсон хамтын ажиллагааны салбарууд, тухайлбал эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ, татвар, аж үйлдвэрийн бодлого болон жижиг, дунд үйлдвэр, мэдээлэлжсэн нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, эрчим хүч, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, статистик зэрэг хамтын ажиллагааны олон салбарыг хамарч байгаа юм.

Тус хэлэлцээрийг Европын Холбоотой байгуулснаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрх зүйн орчин сайжирч, Монгол Улс, Европын Холбооны харилцааг шинэ шатанд гаргаж, түншлэлийн хэмжээнд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Мөн энэ үеэр Европын Холбооноос Монгол Улсад зах зээлийн эдийн засагтай орны статус авах талаар яриа хэлэлцээ хийгдэх бөгөөд эл статусыг олгоход чиглэсэн Европын Комиссын тусгай асуултуудыг манай талд хүлээлгэн өгөх юм.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ