Засаг дарга нарын хэргийг замхруулав
Сонгуулийн өмнө АТГ-ынхан аймгуудын Засаг дарга нарын хэргийг нэлээд сүр дуулиантай шалгаж эхэлсэн боловч өдгөө ял зэм хүртэж хар гэрт суусан хүн цөөн байна.
Нөгөө л мөрдөн байцаалтад буцаалаа, нотлох баримт хангалтгүй гээд бидний улиг болтол сонсдог тайлбарууд хэвлэлээр гарч эхэллээ.
Уг нь тус газарт сонгуулийн өмнө арав гаруй ноёд шалгагдаж байснаас өдгөө дөрвийнх нь хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол дөрөв нь мөрдөн байцаалтад буцжээ. Учир мэдэх хүмүүс засаг ноёдын хэргийг замхарч буйг сонгуультай холбон тайлбарлаж байна.
Ш.Амгаланбаярын хэрэг юу болов
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн үүдийг өнгөрөгч хаврын турш сахисан Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярын хэргийг шүүхээс нотлох баримт хангалтгүй, хэргийн зүйлчлэл буруу гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн бараа, ажил үйлчилгээг тендергүйгээр худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэж байв Мөрдөн байцаалтын явцад албан тушаалаа урвуулсан хэрэг нь нотлогдсон тул яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн юм.
Тодруулбал, ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрх олгосныг “Агсу-Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 100 саяыг нь хувьдаа завшсан гэм буруу нь хяналтын шатанд тогтоогдсон байна.
Улмаар Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Э.Цасчихэрийн хэргийг шийдсэнгүй
Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс шүүн хэлэлцээд гэм буруутайд тооцож ял оноосон юм. Гэвч эрхэм ноёд Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан байна. Тэдний гомдлыг нийслэлийн Шүүхэд хэлэлцэн хавтаст хэрэгт хэрэгт нэмж тодруулах зүйл байна гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Албан тушаалаа урвуулан өөртөө ашиг хонжоо гаргасан Засаг дарга Э.Цасчихэрт шүүхээс албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял оноосон. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасах шийдвэр гаргаж байсан билээ. Харамсалтай нь тэдний хэргийг давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан нь нутгийн түмнийг бухимдахад хүргэжээ.
Хэргийг сануулбал, Э.Цасчихэр, Д.Батсайхан нар эрх мэдлээ ашиглан төрийн албан хаагчдын таван давхар барилгыг дөрвөн давхар болгон барьж 120 сая төгрөг завшсан. Түүнчлэн Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн Нарийний голын 325км, Тээлийн голын 75.3 км зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын орон сууцны хөрөнгөөс завшсан, төрийн алба хаагчдын цалинг барьцаалан зээл авсан зэрэг хэрэгт буруутган гэм буруутайд тооцон ял оноосон юм.
Б.Бадраагийн хэргийг хэрэгсэхгүй болгов
Өмнөговь аймгийнЗасаг дарга Б.Бадраа дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан хэрэгт АТГ-т шалгагдаж эхэлсэн боловч прокурорын хяналтад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг нь хаасан байна.
Түүнийг аймагтаа 14 километр хатуу хучилттай зам тендерийг өөрийн хөрөнгө оруулалттай “Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа завшсан. Мөн төсвөөс 180 сая төгрөг хувьдаа завшсан гэж буруутгасан юм. Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хяналтад шилжүүлсэн боловя прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр Б.Бадраагийн албан тушаалаа ашигласан хэрэг нь мөрдөн байцаалтад нотлогдсон гэсэн мэдээлэл бий Гэвч прокурор уг хэргийг нотлогдоогүй гэж үзэх ямар үндэслэл байсан бэ гэдэг асуулт хариултгүй үлдэж байна.
Д.Тогтохсүрэнг гэмгүй гэж үзэв
Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэсэн гомдол АТГ ирснээр анх хэрэг үүсгэсэн юм. Тодруулбал, Засаг дарга Д.Тогтохсүрэн орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ умартан Өвөрхангай аймгийн “Баянтээг” төрийн өмчит ХК-ийн захирал Н.Ганболдын хууль бус үйлдэлтэй хамтрагч болсон эсэхийг шалгаж өгөхийг хүссэн гомдлыг нутгийн иргэд гаргаж байжээ. Түүнийг аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар сүүлийн найман жил ажиллаж, өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлэн, их хэмжээний мөнгө завшсан хэмээн хардаж байсан аж. Бүр нутгийн иргэд аймгийнхаа Нутгийн захиргааны ордонг Д.Тогтохсүрэнгийн “Өрхийн захиргааны ордон” гэж нэрлэх болсон гэнэ. Уг гомдлын дагуу Д.Тогтохсүрэнг АТГ шалгасан боловч үндэслэлгүй гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Б.Баяндэлгэр ч буруугүй
Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг бa албан тушаалын хэрэгт татан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан юм. Түүнийг 320 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр анх шалгасан боловч нийслэлийн Прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгосон юм.
Ц.Болдын хэргийг дахин шалгана
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг АТГ-аас 2006 оноос хойш Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Уг хэргийг анхан шатны шүүхээс хохирлын хэмжээ тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ