
Нийcлэл хотод зам засварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргажээ. Тэрээр Сэлбийн хос гүүрний шинэчлэлт, Үндсэн хуулийн гудамжны 0.3 км автозамын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн зам, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртлэх 1.3 км автозам, Их тойруу Сансарын тунелийн явган хүний нүхэн гарцын барилгын ажлыг эрчимжүүлж, гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээний хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн Автозамын газар /Д.Нанзаддорж/-т үүрэг болгосон байна.
Мөн автозамын өргөтгөлд орсон нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагаан хаалга, Нисэхийн Цагаан хаалгыг буулгаж талбайг чөлөөлөх асуудлыг НИТХ-д оруулж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгожээ.
Түүнчлэн энэ онд автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай хамт хийж байгаа замын гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлыг чанартай гүйцэтгүүлж, автозамын ажилтай хамтад нь улсын комисст хүлээлгэн өгч байхыг үүрэг болгосон байна. Цаашид зам, замын байгууламжийн ажил болон зам дагуух бусад техникийн ажлыг зураг төслийн дагуу тусад нь мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлдэг болох арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер болон Нийслэлийн Автозамын газрын дарга нарт даалгажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ