Х.Баттулга: БНХАУ-д 100 мянган тн буудай экспортлох боломжтой
Байгаль орчин, хүнс , хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болж, ургац хураалттай холбоотой цаг үеийн асуудлаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Батулга мэдээлэл хийлээ.
Тэрбээр“Улсын хэмжээнд энэ жил ургац хураалт урьдчилсан байдлаар 481 мянган тонн буудай, 208,9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн, хүнсний ногоо, 28,6 тосны ургамал, 30,8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон байна.
Өнөөдрийн байдлаар 10,4 мянган тонн хадлан хадаж, 2,5 мянган тонн үр тариа хураасан. Төмс хүнсний ногооны хураалт эрчимтэй явагдаж байгаа. Гурилын үйлдвэрүүдэд 210 тонн буудайг нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Ургац хураалтыг аравдугаар сардаа багтаан хураах ажлыг эрчимжүүлж байна.
Ургац хураалтын ажил энэ сарын 3-аас эхэлж өнөөдрийн байдлаар 10,4 мянган га талбайг ангилан хадаж, 2,3 мянган га талбайг хураасан буюу 2,5 мянган тонн үр тариа хураан авсан. Харин төмс, хүнсний ногооны хувьд 3,6 мянган га-аас 51,3 мянган тонн төмс, 2,2 мянган га-гаас 30,9 мянган тонн хүнсний ногоо хураагаад байна
Энэ нь төмсний хураалт 22,7 хувь, хүнсний ногооных 31,6 хувьтай явагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн цаашид нийт нутгаар хур тундас орох төлөвтэй байгаа бөгөөд ургацын болцыг түргэтгэх зорилгоор тариалан бүхий аж ахуйн нэгж, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран десакаци хийхээр ажиллаж байгаа гэв.
Ургац хураалтын ажилд нийт 1127 комбайн ажиллахын зэрэгцээ 550 үтрэмийн машин, 200 гаруй үтрэм буудай хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад байгаа аж.
Цаг агаарын нөхцлөөс хамаарч ургацыг 25-30 хоногт багтаан дуусгах техникийн хүч чадал бүрдсэн болохоор холбогдох ажилтан, мэргэжилтнүүд хичээн ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн 350 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий 16 элеватор ашиглагдаж байна. Ургац хураалтад 5,6 мянган тонн шатахуун шаардагдах бөгөөд улсын хэмжээнд дизелийн түлш 13 хоног буюу 21,8 мянган тоннын нөөцтэй байгаа гэнэ.
Энэ жилийн хувьд гурилын үйлдвэрлэлд нийтдээ 386,4 мянган тонн буудай нийлүүлэгдэх бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 115,1 мянган тонн буудайг нэмж тооцвол 501,5 мянган тонн нөөц бүрдэж байгаа аж
Үүнээс 100 мянган тонн улаан буудайг БНХАУ-руу экспортлох боломжтой аж
Түүнчлэн салбарын сайдын хэлснээр дотооддоо үйлдвэрлэсэн улаан буудай болон гурилыг ижил төстэй импортын бүтээгдэхүүнээс хамгаалах зорилгоор гаалийн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ