ОУХМ Х.Тэмүүжин: Архины амтыг биш, амжилтын амтыг мэдэр
ОУХМ тамирчин Х.Тэмүүжинтэй хэдэн хором ярилцсаныг толилуулъя. -Энэ өдрийн мэнд хүргэе. Бэлтгэл сургуулилт хэр байна? Энэ удаагийн уралдааны талаар мэдээлэл өгөхгүй юу? Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. Энэ жилийн уралдаан нэлээд шахуу болж байна. Учир нь техник шинэчлэлт нэлээд оройтлоо. Мөн миний хувьд сургуулиа төгсөх гээд дипломын ажил, шалгалт шүүлэг гээд их л олон ажил давхцлаа. Гэхдээ бэлтгэл сайн хангагдсан. Зам талбай ч стандартад нийцсэн сайн болсон байна гэж сая техникийн зөвлөл үнэлэлт өгч байна. Тэгэхээр бид өөрсдийнхөө зүгээс гараанд гарахад бэлэн болсон гэж хэлж болно. Энэ жилийн уралдаан 3 ангилалттай зохиогдохоороо онцлог байгаа. Ахмадын ангилал буюу 40-өөс дээш насны ангилал нэмэгдсэн. 85сс ангилал болох 12-15 насны хүүхдийн, шилдэгүүд оролцдог оргил ангилал болох 125сс ангилал гэсэн 3 төрөлд тамирчид хурд хүчээ сорино доо. Э.Халиунболд, Б.Ган-Од, бид гурав 125сс ангилалд уралдана. Гэхдээ манай Халиука бэртэл авсан байгаа учраас эмч нартай зөвлөлдөж байж уралдах эсэхээ шийдэх болчихоод байна. 85сс ангилалд Х.Мөнхболор, П.Мөрөн, ахмадын ангилалд Жаргалсайхан багш, миний аав Б.Хадбаатар нар болон бусад тамирчид эх орноо төлөөлөн уралдахаар сонгогдоод байна. -Анх хэдэн настайдаа уралдаж эхэлсэн бэ? Энэ эрсдэлтэй спортыг сонгон хичээллэхэд гэрийнхэн чинь дургүйцээгүй юу? Анх 2000 оноос өнөөдрийг хүртэл 12 жил хичээллэж байна. Тэр үед 10 настай байсан. 10 нас бол энэ спортын хувьд тийм ч эрт залуу нас биш. Мотоциклийн спортоор 4 настайгаасаа эхэлж хичээллэдэг. Миний өвөө, аав уралддаг, энэ спортод амьдралаа зориулсан хүмүүс. Би 3 дахь үеийн уралдагч болж яваадаа сэтгэл хангалуун байдаг. Эр зориг шаардсан, эрсдэл ихтэй спорт учраас л миний сонирхлыг улам их татдаг юм даа. Мэдээж ээж минь тийм ч дуртай байгаагүй. Харин аав бол миний багш, дасгалжуулагч, бас үнэнч дэмжигч. Уралдах явцад хүнд хэцүү, бас баярлаж бахархмаар зүйлүүд олон л тохиолддог. Уралдааны цаг мөч тутам урдаас таашгүй. Өнөөдөр би яаж ч болно. Энэ спортоор хичээллээд эрсдэлийг, айдсыг даван туулах, гол нь өөрөө өөрийгөө ялах гэдэг хамгийн хэцүү бөгөөд хамгийн амттай гэдгийг л ойлгосон доо. Өөрийнхөө зүрх сэтгэлийг ялна гэдэг бол хүний хамгийн дээд чадах ёстой зүйл гэж би боддог. Бас хамгийн хэцүү зүйл. -Танай гэр бүлийн эрчүүд удам дамжсан мото спортын тамирчид юм байна. Гэр бүлийн бусад гишүүдийн хувьд энэ нь бас л том үүрэг хариуцлага болдог байх даа? Тэр үнэн шүү. Гэр бүлийнхэн чухал үүрэг хариуцлагатай хүмүүс гэж хэлж болно. Тэд сэтгэл зүйн дэмжлэгийг маш сайн үзүүлж байх хэрэгтэй байдаг. Ойр дотныхоо хэн нэгэнтэй таарамжгүй харилцаа үүсгэх, хэн нэгнээс таагүй үг сонсоод гарсан тэр өдрийн бэлтгэл сургуулилт амжилтгүй, маш сул болдог. Тиймээс тамирчдын гэр бүл бол нэг ёсны маш сайн сэтгэл судлаач, бас сэтгэл зүйн эмч нар байх ёстой юм болов уу даа. -Ирээдүйн аав Тэмүүжин хүүгээ мото спортын тамирчин болно гэвэл яаж хүлээж авах бол? Хүүтэй болвол тамирчин болох үгүйг ээж нь шийдэх байх. -Тамирчин Тэмүүжингийн өрсөлдөгч хэн бэ? Надтай нэг гараанаас гарч байгаа бүх хүн миний өрсөлдөгч. -Мотоциклийн уралдааны хамгийн гол зүйл юу байх ёстой гэж боддог вэ? Бэлтгэл сургуулилт хамгийн чухал. Бас уралдах мотоцикл. Өндөр хөгжилтэй орны тамирчидын бүх зүйл 100 хувь хангагдсан байдаг. Уралдагчийн ар талд багш дасгалжуулагчаас гадна механикч, эмч, сэтгэл зүйч гээд л арав хорин хүнтэй бүхэл бүтэн баг ажиллаж байдаг. Өөрсдийн гэсэн ивээн тэтгэгчтэй. Тэд зөвхөн сайн уралдах л үүрэгтэй. Мотоцикл нь тэр хүний амьдрал нь болсон байдаг. Тухайн тамирчин уралдаж чадаж л байвал насан туршийнхаа амьдралын баталгааг бий болгосон байна гэсэн үг. Харин Монголчуудын хувьд энэ огт өөр шүү дээ. Спортоор дагнан суралцах боломжгүй. Бид цаашид яаж хэрхэн амьдрах вэ гэдгээ шийдэхийн тулд сурч боловсрох, давхар мэргэжил эзэмших зайлшгүй шаардлагатай тулгардаг. Тиймээс ч би Нисэхийн техникийн мэргэжлээр суралцаж, энэ жил сургуулиа төгсөж байна. Багаасаа техниктэй ойр өссөн болохоор энэ мэргэжилдээ би дуртай. Мөн манай орны цаг агаарын нөхцөл бэлтгэл хийхэд хугацааны хувьд богино. 12 сарын ердөө дөрвөн сард нь л бид бэлтгэл хийх боломжтой байдаг. Энэ бүх зүйл Монгол тамирчдын хувьд дутуу дулимаг зүйл нь гэж би боддог юм. Гэхдээ манай тамирчдын ур чадвар, аливаа бүхнийг маш амархан сурч эзэмшиж чаддаг дайчин чанар, мэдрэмжтэй хурц ухаан ямар ч орны тамирчдаас илүү гэдгийг би бардам хэлж чадна. Тиймээс ч гадаадын тамирчидтай эн тэнцүү уралдаж, амжилтаараа эх орныхоо нэрийг гаргаж яваа тамирчид олон байна. -Уралдааны мотоциклийн талаар залуучуудад сонирхуулахгүй юу? Сүүлийн үед залуус мото спортыг их сонирхдог болсон байна. “Мotocross”, “supercross” буюу мотоциклийн бартаат замын уралдаанд голчлон Япон улсын брэнд болох “Yamaha”, “Honda”, “Suzuki”, “Kawasaki”, Австрийн “KTM” болон “Husquarna”, “TM Aprilla” зэрэг мотоциклын брэндүүдийн хооронд гол өрсөлдөөн өрнөдөг. Японы брэндүүдийн мотоцикл нь дэлхий дахинд нэр хүнд хэрэглээгээрээ тэргүүлдэг бол тэдэнтэй Австрийн “KTM” брэнд хамгийн хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Япон болон Европын холбооны улсуудад хийсэн мотоциклууд нь загвар дизайн, техникийн шийдэл, бат бөх байдал зэргээрээ өөр хоорондоо ялгаатай талууд бас байдаг. Манай тамирчид ихэвчлэн “Yamaha”, “Honda”, “Suzuki”, “Kawasaki”, “KTM” брэндийн мотоциклоор өөрсдийн хөлөглөх унаагаа сонгодог. Хамгийн доод тал нь 8000 ам долларын үнэтэй. Дэлхийд алдартай лидер тамирчдын мотоцикл бол зөвхөн тэр хүнийхээ биеийн онцлогт тохирсон түүнд л зориулж хийсэн цорын ганц хүлэгүүд байдаг. Түүний үнийг тогтооно гэсэн ойлголт байхгүй. Мотоцикл өөрөө ийм үнэтэй байдаг учраас энэ спортоор олон хүмүүс хичээллэхгүй, өргөн дэлгэр хөгжихгүй байх нэг шалтгаан болж байгаа юм. Таны хэлснээр сүүлийн жилүүдэд үнэхээр мото спортоор хичээллэх хүүхэд залуусын тоо нэмэгдэж, холбооны үйл ажиллагаа ч маш эрчимтэй хөгжиж байгаад би баяртай байдаг. -Тэмүүжинд зав гардаг уу? Чөлөөт цагаараа хийх дуртай зүйл нь юу вэ? Би огт завгүй ч биш, бас завтай ч биш хүн. Мотоциклоо унаад давхих миний хамгийн дуртай хийх зүйл. Бас найз охинтойгоо гадуур зугаалж, хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Баар цэнгээний газраар явж, наргиж шоудах дургүй. Би нэг юмны төлөө зүтгэж байна. Олж авсан амжилт бүхэн минь надад хангалттай баяр жаргал, сайхныг мэдрүүлдэг учраас өөр зүйл надад хэрэггүй. -Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөө бидэнтэй хуваалцаач? Хүрэхийг хүсдэг зүйл минь миний өмнөө тавьсан эрхэм зорилго. Түүнийг дэлгэхэд эрт байна. Ирээдүйдээ маш том юмны төлөө зүтгэдэг. Одоо цаг нь болоогүй ч гэсэн хэзээ нэгэн цагт болох болно гэж итгэлтэй байдаг. Мөн энэ спортоо өргөжин хөгжиж, олон тамирчидтай болоосой гэж хүсдэг. Хэдий чинээ олон тамирчид байна төдий чинээ өрсөлдөгчид их болж улам л сонирхолтой болно гэж боддог доо. -Монголын залуучуудын талаар таны бодол? Монголын залуучууд соёлтой, боловсролтой сайхан болж байна. Харин архидалт маш их байдагт эмзэглэж явдаг. Архины амтыг биш, амжилтын амтыг мэдэр. Тэнд л амьдралын хамгийн сайн сайхан зүйл, хамаг баяр баясал байдаг юм шүү гэж залуустаа хэлмээр байна. -Бахархал, хүндэтгэл, бишрэл гэж таны хувьд? Төрсөн эх орон нутаг ус, өссөн гэр орон, хайртай аав ээж, гэр бүлийнхэн минь миний бахархал. Багш нар, анд нөхөд минь миний хүндэтгэл. Харин би Монголчуудыгаа биширдэг. Ялангуяа Монголын эмэгтэйчүүдийн тэсвэр тэвчээр, ухааныг гайхан биширдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ